Чингис хаан бол монголчуудын цорын ганц бахархал. Тэгвэл Д.Эрдэмбилэг дизайнер Монголдоо төдийгүй дэлхийд цорын ганц их хааны хамгийн том морьт хөшөөг урласан уран бүтээлч билээ. Зүгээр нэг хөшөө ч биш барилгын архитектуртай хослуулсан цогцолбор бүтээсэн нь дотоод, гадаадын аялагч, жуулчдын нүүрийг тахлах ганц газар болсон. Олон хүн энэ бүтээлээр нь түүнийг мэддэг, улс орнууд таньдаг.
Уран бүтээлчид өөрт нь түүнтэй дүйцэхүйц, улс орныхоо нүүрийг тахлах олон сайхан бүтээл хийх хүсэл дүүрэн явдаг нь зорьж, төлөвлөж яваа зүйлээс нь харагддаг. Нөгөөтэйгүүр, их Эзэн Чингис хааны сэдэв түүний бүтээлд томоохон байр суурийг эзэлдэг. Тэрээр аливааг тун өвөрмөц сэтгэж, олон чиглэлд өөрийгөө сорьж байдаг нэгэн. Тэр нь сонирхолтойн зэрэгцээ улс орон, нийгэмд үр өгөөжтэй байдгаараа бас онцлог.
Тухайлбал, хөдөө аж ахуйн төсөл бичсэн нь хотын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, цаашлаад төвлөрлийг сааруулах, утааг багасгах хэд хэдэн асуудал шийдэхээр. Замын түгжрэлд цаг тавих “Чингис хаан” цахилгаан машины төсөл бичээд загварыг нь гаргачихсан байх жишээтэй. Барилга архитектурын чиглэлээр хийсэн ажил, Эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын бүсчилсэн санаанууд нь монгол бахархлыг шингээсэн байх аж.
Хүн ам олонтой том улс орнуудад нэг хүн нэг л зүйлийг хийдгийг бид мэднэ. Тэгвэл монголчууд бид цөөхүүлээ. Нэг хүн нэлээн олон чиглэлд ажиллаж байж хөгжил дэвшилд ойртож очих болов уу. Энэ бүхнийг эргэцүүлэхэд “Бид дор бүрдээ Д.Эрдэмбилэг дизайнер шиг байвал..” гэсэн бодол хэнд ч төрнө. Ясны уран бүтээлч гэж бид ярьдаг. Тэд ямар нэгэн “изм”-гүйгээр, амьдарч байгаа нийгмийнхээ сэтгэлгээний эрэлчин, оюун санааг дархлагч нь байдаг. Д.Эрдэмбилэг дизайнер тийм л уран бүтээлчийн нэг. Аливаад бүтээлчээр ханддаг, ингэхдээ үндэсний өв соёл, уламжлал, зан заншлаа шингээж урладаг. Нэг ёсондоо нийгмийн оюун санааны дархан гэвэл хэтрүүлсэн болохгүй.
“Майдар” төслийн суварга, бурханы дүр бүтээх ажилд оролцсон түүний өнцөг, санааг харахад ийм бодол төрдөг юм. Тэнд босгох 108 метр өндөр суварга бол өндрөөрөө дэлхийд III орох юм билээ. Тийм суваргыг бүтээх нь ямар ч уран бүтээлчид сонирхолтойн дээр дэлхийн хэмжээний том бүтээлд ур ухаанаа сорино гэдэг түүхэн тохиол, ховор боломж. Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Майдар бурханы дүрийг том хэмжээний цогцолбор болгож барилгын хийцтэй хослуулах нь мэдээж амаргүй ажил. Өдгөө тэрээр энэ ажлынхаа ард аль хэдийнэ гарч, хөшөөг ч, төслөө ч хүлээлгэж өгөөд байгаа юм байна. Харин хот байгуулах ажил нь тусдаа, өөр мэргэжлийн хүмүүс хийх юм билээ.
Түүний сэдэж, санаачилж буй ямар ч бүтээлээс монгол уламжлал, сэтгэлгээ, үндэсний өв соёлоор дамжуулан монгол хүний дотоод ертөнц, сэтгэл зүрх рүү хандсан зүйл анзаарагддаг. Тэр нь монголчуудын оюун санаа, сэтгэлгээ, сэтгэлийн боловсрол гээд олон талтай байдаг. Харин Чингис хааны сэдвээр бүтээл хийх болсон нь 1990-ээд оноос эхтэй. Үзэл суртлын хаалттай үед дарагдмал явж байсан их хааны талаарх ойлголтууд энэ үеэс нэлээд тэсрэлттэй гарч ирсэн нь ч нөлөөлж. Түүнийг Москвад үйлдвэрлэлийн дизайнерааар сурч байхад орос оюутнуудын энэ талын мэдлэг монголчуудынхаас илүү байж. Оросын эрдэмтэд Чингис хааны талаар, XIII зууны үеийн судалгааг маш өргөн хийсэн. Мэдээлэл сайтай байсан учраас Монголоос очсон оюутнуудад “Та нар их хаанаараа юм бүтээх хэрэгтэй” гэдэг.
Монголд ирсний дараа аав нь “Хэнтий аймгийн Дадал суманд миний найз, барималч Махвал их хааны хөшөөг барьсан юм” хэмээн ярьдаг байж. Тэндээс эхлэн Чингис хаанаа архтиектурын бүтээл болгохсон, яавал их хааны дүрийг тод томруун гаргаж болох вэ гэдэг бодол төрөх болжээ. Илэрхийлэх гэж олон ч янзаар үзэж. Тэр бүхэн явсаар эцсийн эцэст морьтой дүрээр монголчуудынхаа дунд сүндэрлүүлэх нь зөв юм гэсэн бодол төрж, загварыг нь гаргаснаа олон хүнд танилцуулж багагүй цаг хугацааг үдэж.
Хамгийн сүүлд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг бизнесмэн байхад тэдний компанид хандан төслөө танилцуулснаар тэд төсөв зардлыг гаргаж, Цонжинболдогт их хааны хөшөөг сүндэрлүүлсэн түүхтэй. Манай хөрш орнууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос нутагт гэхэд Чингис хааны томоохон цогцолбор байгуулсан нь жуулчдыг татаж байгаа. Казахстанд Чингис хааны түүхээр бүтээн байгуулалт хийх талаар ярьж байна. Гэтэл их Эзэн Чингис хааны төрсөн нутаг, Монгол Улс чимээгүй байдалд нэлээдгүй цаг хугацааг үдсэн нь ичгэвтэр. Одоогоос хэдэн жилийн өмнө их Эзэн Чингис хааны төрсөн нутагт хөшөө дурсгал босгохсон, гадны жуулчид очиход ганц самбар ч босгочихоогүй байна гэсэн яриа хөөрөө гарч байв.
Очсон аялагч, жуулчид ч хоёр чулуу заагаад Чингис хааны морины уяа байсан гэж тайлбарлах нь учир дутагдалтай байгааг шүүмжилж байсан удаатай. Тэгвэл Засгийн газар энэ байдалд анхаарч, их хааны түүхэн газруудад анхааръя. Энэ ажлыг Хэнтий аймгаас эхлүүлье, аялал жуулчлалыг ч хөгжүүлье, ард олны амьдралыг ч сайжруулъя гэсэн шийдвэр гаргаад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, монголчууд ч энэ шийдвэрийг талархан дэмжин хүлээж авсан.
Тэгвэл уран бүтээлч хүний хувьд Д.Эрдэмбилэг дизайнер сүүлийн үед өөрийн бодсон зүйлүүд, аавынхаа захиас, монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр их хааны нутгаар аялж судалгаа хийсэн байна. Хэнтий аймгийн сум болгонд их хааны түүх, “Монголын нууц товчоо”-той холбоотой газрууд бий. Хаягдаж зэлүүд болсон газар нутаг, халдаж үл болох сайхан байгаль уран бүтээлчид гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нь мэдээж. Санаачилгагүй, сэтгэлгүй байдал ч бас анзаарагдсан байж таарна.
Энэ аяллаас тэрээр “Андын өргөө” хөшөөт цогцолбор байгуулах уран бүтээлийн санааг тээж иржээ. “Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Тэмүүжин найман шарга морио алдчихаад араас нь хөөж яваад Наху баяны ганц хүү Боорчитой танилцаж, хамт явсаар адуугаа ч олж, анд бололцож бүсээ солилцсон. Үүнээс цааш зорилго нэгтэй явъя хэмээн тангараг тавьж, улмаар Монголын Эзэнт гүрнийг байгуулсан бол үхэн үхтэл хамт явсан түүхтэй. Хоёр хүний уулзалтаас дэлхийн хэмжээний том түүх болж үлдсэн энэ газарт бүтээн байгуулалт хийх санаагаа тэрээр жижиг сумаас том зорилгыг эхлүүлсэн хэмээн дурдаж байна. Түүний хувьд энэ санаа сэтгэл дотор нь олон жил огшиж явсан гэнэ.
Тэр нь юу вэ гэвэл, эрчүүдийн анд бололцдог байгууламж баймаар юм байна. Монгол эрчүүд хэлсэн амандаа хүрэхээ больчихож гэх бодол түүнд үе үе төрдөг байжээ. Энэ нь бүтээлээр дамжуулж нийгмийнхээ оюун санаанд яаж нөлөөлөх нь дизайнер хүний бодол, бас ажлынх нь үр дүн байх. Түүхийн хувьд монгол эрчүүд духаа нийлүүлэн, дуулга зөрүүлж, амандаа багтах амлалтыг өгдөг. Түүндээ хүрдэг байсан. “Андын өргөө” үүнийг илэрхийлсэн цогцолбор байх юм байна. Цогцолборын ерөнхий хэлбэр нь өргөө гэр шиг харагдана.
Бүтээцийн хувьд буюу байгальлаг талаасаа өөдөөсөө хараад ульж буй хоёр чоно байх юм. Хүнчилж харвал духаараа нийлсэн баатрын дуулга, дуулган дор хоёр баатар духаа нийлүүлсэн байдалтай. Тэр нь Тэмүүжин, Боорчи хоёрыг билэгдэж байгаа боловч нийт монгол эрчүүдийг анд бололцоосой, хэлсэн үгэндээ байгаасай гэсэн ерөөл юм.Дундаа суварган орон зайн дүрслэл бүхий, дээрээс нь харвал цогцолбор очир дүрстэй байна. Дүрсийг дагаж ёгт санаа, мессежүүд явж байдаг нь явцын дунд тодорч бий болно хэмээн үзжээ.
Тухайлбал, 30-аад метрийн өндөртэй “Андын өргөө” нь нөхөрлөлийн тангараг өргөх ёслол үйлдэх зан үйлийн өргөө байх юм. Анд болж буй хоёр хүн тангараг өргөж, бүсээ солилцох тусгай тавцан хамгийн дээд хэсэгт байна. Доош буухдаа цогцолборын гол дахь мөнхийн галд цучил нэмнэ. Дахин доош буугаад хоёр талын гэр бүл, гэрчүүд, үр хүүхэд, анд нөхөд хоорондоо танилцаж, андын тангаргийг баталгаажуулах ёслол үйлдэх өргөө байна.
Цогцолборыг тойроод амралтын газрууд, уралдаан, тэмцээн, наадам хийх бололцоотойгоор ерөнхий төлөвлөгөөг гаргажээ. Хэдийгээр улсаас бага төсөв тавьж өгдөг ч түүгээр нь том санаа бүтээж болдгийг харуулахыг уран бүтээлийн багийнхан зорьж байгаа аж. Ийнхүү зүүн бүс, Монгол Улсын аялал жуулчлалын цэг нь Батноров сумаас, “Андын өргөө”-нөөс эхэлж байгаа нь билэгшээлтэй. Монголчууд эхлээд амандаа хүрдэг болчихвол, гадаад, дотоодод итгэл бэхжинэ. Ямар ч бүтээл эхлэхдээ хүний оюун санааг л засах ёстой. Оюун санаа засагдахгүй бол цаашаа ажил ч урагшлахгүй.
Айл гэрийн зорилго ч биелэхгүй. Эрчүүд маань уриалаад амандаа хүрдэг байх ийм цогцолбор бүтээчихвэл, цаашаа гайгүй явчих болов уу хэмээн эхний цэгийг хатгаад байгаа Д.Эрхэмбаяр дизайнерийн зорилго ийм юм. Түүний санаа бүхэн бас бүтээл болж биелчихээгүй. Хараахан ажил хэрэг болоогүй нэг бүтээл нь монголчуудын шүтээн болсон морин хуурыг аварга том хэмжээтэйгээр бүтээх төсөл юм. Зураг төслийг нь ч гаргачихсан. Харамсалтай нь төсөв мөнгө хүрэлцэхгүй, босгох газар байхгүй шалтгаанаар одоо болтол ажил хэрэг болоогүй.
Гэхдээ нэг нартай өдөр монголчууд “Морин хуур”-ын сайхан цогцолбортой болно гэсэн мөрөөдөл мөхөхгүй. Улс орны эдийн засаг сэргэхээр тэр мөрөөдөл ажил хэрэг болох нь дамжиггүй гэсэн хүлээлтийн байдалд өнөө хүрч байгаа юм. Монголчуудын оюун санааны дархан болсон Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг Булган аймгийн уугуул. ЗХУ /хуучин нэрээр/-д үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээр суралцаж, 1990 онд төгссөн. Үйлдвэржүүлэлтийн зорилгоор хойно бэлтгэгдсэн мэргэжилтэн бүх үйлдвэр хувийн өмчид шилжиж, ихэнх нь үүдээ барьж, тоног төхөөрөмжүүд төмрийн хаягдал нэрээр урагшаа ачигдсан үед Монголдоо ирээд барилгын салбарт ажиллах болсон.
Өнөө цагт уран бүтээлч сэтгэлгээг бүтээн байгуулалтын салбартай хослуулснаар гудамж талбайд босгоод орхидог жирийн хөшөө биш, хүмүүсийн урсгал хөвөрч, амьдрал буцалж, аялал жуулчлал өрнөж байдаг амьд бүтээл цогцолбор байгуулахад өөрийн сурсан мэдсэнийг дайчилж яваа бурхан ухаантай дархан, уран бүтээлч юм.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин