Оросын Засгийн газар болон тус улсын нефтийн компаниуд бензиний үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр ойлголцолд хүрчээ. Талууд зөвшилцөх уулзалтыг хийсэн бөгөөд энд нефть олборлогч том компаниудын удирдлага болон Сангийн яамны, татварын газрын төлөөллүүд оролцжээ.
Уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак нефть олборлогчид бензиний үнийг өнгөрөгч долдугаар сарынхаас нэмэгдүүлэхгүй байхаар тохирсон бөгөөд ингэхдээ улсаас тэдэнд ямар нэгэн концесс үзүүлээгүй талаар мэдэгдлээ. Улсаас санал болгосон нөхцлийг том олборлогч компаниуд болон хараат бус үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрсөн байна. Уг нөхцөл шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаанд ч хамаарах аж. Ингэхдээ экспортын хураамжинд хаалт тавихгүй юм байна. Дээрх хэлэлцээр ирэх жилийн гуравдугаар сарыг дуустал мөрдөгдөх аж.