Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр тэргүүтэй барилгын салбарын төлөөлөл БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны сайд Чэнь Жэн Гаогийн урилгаар 2017 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны сайд Чэнь Жэн Гао Монголын талын төлөөлөгчдийг яаман дээрээ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Г.Мөнхбаяр юуны өмнө БНХАУ-д албан ёсны айлчлал хийх боломжийг бүрдүүлж урьсанд талархал илэрхийлж Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал нэгдэж буйд баяртай байна гэв. Мөн энэ үеэр Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамтай 2006 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг дүгнэн, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгож санамж бичгийг шинэчлэн байгуулахаар боллоо.
Түүнчлэн Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүдийн чөлөөт бүсийг хоёр талын барилгын салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн хөгжүүлж, зохистой, үр ашигтайгаар ашиглаж болох талаар БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр шийдвэрлээд буй “1000 айлын түр суурьших орон сууц” төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар ярилцсан юм. Дээрх асуудлуудыг сайд Г.Мөнхбаярыг дагалдан яваа Монголын талын төлөөлөл БНХАУ-ын Худалдааны яамныхантай уулзахдаа уг төслийн холбогдох баримт бичгийг эцэслэн тохиролцов.
Мөн энэ үеэр Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны Барилгын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус хүрээлэн нь барилгын стандарт, норм нормативын баримт бичиг боловсруулах, судалгаа хийх, эрчим хүчний хэмнэлтийн технологи зэрэг Монгол Улсын БХБЯ-аас УИХ-аар саяхан батлуулсан шинэ хуулиудтай холбоотой практик ажлуудыг хөрш орны нутагт хэрхэн бодит ажил хэрэг болгож буйтай газар дээр нь танилцсан.
Ийнхүү Монгол Улсын Барилгын салбарынхны өмнөд хөршид хийж буй албан ёсны айлчлал амжилттай эхэллээ. Маргааш буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 11-нд “Монгол Улс, БНХАУ-ын барилга, хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт-2017” чуулга уулзалт БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаман дээр эхэлнэ. Энэхүү чуулга уулзалтад барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгчид болон энэ салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны ажил хэрэгч яриа өрнүүлсэн том үйл явдал болох юм.
Эх сурвалж: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ