Нийслэлийн Статистикийн газраас хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээг танилцууллаа. Энэ сарын эхний долоо хоногт үхрийн ястай махны үнэ нэг кг нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.1 хувиар буюу 250 төгрөгөөр буурч, 7945 төгрөг болсон байна. Мөн үхрийн цул махны үнэ 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Хонины яастай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.1 хувиар, хонины цул махны үнэ 6.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Үхрийн мах “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу нэг кг нь 7300 төгрөг, “Бөмбөгөр” болон “Меркури” захад хамгийн өндөр үнэтэй буюу нэг кг нь 8500 төгрөг байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох гурилын үнэ үйлдвэр болон бүтээгдэхүүний ангиллаасаа хамаараад нэг кг нь 750-1500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс нэг кг нь 35 төгрөгөөр буюу 4.8 хувиар, лууван 15 төгрөгөөр буюу 1.5 хувиар, байцаа 190 төгрөгөөр буюу 9.8 хувиар, хүрэн манжингийн үнэ кг нь 30 төгрөгөөр, хятад сонгино 25 төгрөгөөр буурчээ.