УИХ-д Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан гэх мэдээ өчигдөр (2017.04.10) цацагдсан. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг А.Сүхбат нарын гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Бүлгийг оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, эх орондоо татан төвлөрүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулсан. Удахгүй УИХ-д оффшорын эсрэг түр хороо байгуулна гэж тэд мэдэгдлээ. Парламентад түр хороо байгуулахын тулд УИХ-аас тогтоол гарах ёстой юм байна. Тиймээс лобби бүлгийн гишүүд тун удахгүй УИХ-д тогтоолын төслөө өргөн барих гэнэ.
Хэвлэлийн хурал хийсэн нэр бүхий гишүүд оффшор бүс дэх дансны асуудлыг улстөрчид бие биенээ намнах хэрэгсэл, улс төрийн тэмцэл болгохгүй. Оффшорчдын эсрэг нам харгалзахгүй нэгдэж тэмцэнэ. Гол нь улстөрчдийг төрийн хөрөнгийг хувьдаа завшин хил давуулаад байхааргүй ёс зүйтэй болгон төлөвшүүлэх чиглэлээр ажиллана хэмээн ярьж байна.
Мөн тэд оффшор бүсэд нийтдээ 21-23 их наяд ам.доллар эргэлддэг. Үүний дийлэнх хувийг хөгжиж байгаа орнуудын мөнгө эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Хэрвээ Монгол Улс гадагшаа урсдаг мөнгөө дотооддоо шингээж чадсан бол өнөөдөр эдийн засгийн хямралд өртөхгүй байх байсан. Оюутолгой, Тамсагийн ордоос олж байгаа ашиг Монгол Улсад наалдахгүй байгаа. Байгалийн баялагаа харийнхний гар хөл болгоод зарчихсан хүмүүсийг өнөөдөр яах ч үгүй зүгээр л сонсоод сууж байна. Тэр мөнгөө оффшорт нуучихсан байхад нь хариуцлага тооцохгүй л байгаа. Байгалийн баялагаа Монголын татварын дансаар дамждаг болж байж бид хямралд өртөхгүй амьдардаг болно. Тийм учраас түр хороо байгуулж байна гэж мэдэгдэв.
Д.ХАЛИУН