ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулав. Чуулганд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, Орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
Монгол Улсын тухайд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч хийдэл гарч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр учир дутагдалтай байсан юм. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, улмаар УИХ-аар батлуулан 2017-ны 02-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна.
Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгасан билээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт чуулганыг нээж хэлсэн үгэндээ
… Гэр бүлийн хүчирхийллийн улмаас мянга мянган хүний элэг зүрх эмтэрч, мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан амьдарч байна. Айл гэрийн ноён нуруу хугарч, авааль гэргийнх нь итгэлийн хана нурж байна. Чухам тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Амьдрал хайран дээр, бас аргадал ухаарал дээр тогтдог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх амин сүнс нь олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил юм. Алдахаас нь өмнө аминчилж хэлэх, сэвтэхээс нь өмнө сэхээрүүлж ойлгуулах шиг чухал зүйл үгүй билээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар “нүдэн балай чихэн дүлий” өнгөрдөг хуучин байдлыг халж, түүнийг мэдээлэх ёс зүйг олон нийтэд төлөвшүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал нь зөвхөн хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагын ажил биш…Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж байж, хүчирхийлэлтэй нийтээрээ тэмцэж байж л сая үр дүнд хүрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд гэсгээл зэм зайлшгүй гэдгийг ойлгуулах нь хамгаас чухал. Бас эндэж алдсан нэгэнд үйлдлээ хянах, үгээ цэгнэх гэмшил ухаарал хайрлаж , гэр бүлээ жинхэнэ өрхийн тэргүүн, үрийн эцэг шиг авч явах сэтгэлийн хүчийг бэлэглэх нь хамгаас үнэ цэнэтэй.
Ганц баганатай гэр салхи шуурганд хэврэгийн адил, өрх гэрийнхээ хос багана болсон эр эм хоёр өвөр зуураа эв зохицолгүй бол зохиосон амьдрал зовлонгийн үүр болдгийг хэн хэн нь санаж, аливаад ууч бодол, уужим сэтгэлээр хандах нь зохистой гэдгийг залуу дүү нартаа захиж хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Хууль батлагдлаа гээд санаа амарч болохгүй. Хэчнээн сайн хууль байлаа ч хэрэгжүүлэх ажил цалгар назгай орхигдвол хүчирхийллийн “мөсөн уул” хайлахгүй ээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь тодорхой нэг үүссэн асуудлыг шийдвэрлэх төдийгүй нийгмийн үндэс болсон гэр бүл, хойч ирээдүй болсон үр хүүхдийн эрх, ашиг сонирхлыг баталгаатай хамгаалах нийгэм-эрх зүйн цогц арга хэмжээ гэдгийг дор бүрнээ ухамсарлан ажиллах ёстой болохыг онцлон тэмдэглэж байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай байж, хүчирхийллийн хүйтэн жавар эгнэгт арилах болтугай…” гэсэн юм.
Дашрамд дурдахад улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сард 6869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2,7 хувиар тус тус буурчээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу 2017 оны эхний 3 сард нийт 502 иргэнд аюулын зэргийн үнэлгээ хийгдэж, 730 иргэнд хохирогчийн эрх, үүргийг болон хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 79 иргэн /эмэгтэй 40, эрэгтэй 2, хүүхэд 37/-г, Түр хамгаалах байранд нийт 72 иргэн /эмэгтэй 23, эрэгтэй 4, хүүхэд 45/-ийг төрөл садан, ойр дотны хүний хамгаалалтад нийт 710 иргэн /эмэгтэй 611, эрэгтэй 10, хүүхэд 92/-ийг авч ажилласан байна. “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт үндэсний чуулганы үеэр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг цогц болгох зэрэг салбар дундын асуудлыг хөндөн санал солилцсон байна.
Эх сурвалж: ХЗДХЯ