УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.11.01) хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын даргаас хариу ирсэн, харин Засгийн газраас ямар ч хариу ирүүлсэнгүй.
УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Шударга ёсыг уландаа гишгэсэн, өөрийн компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Энэ бүхнээс алдагдсан боломжийг ард иргэдэд буцаан олгох ажлыг Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Тийм учраас дээх зөрчлүүдийг арилгатал УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна” гээд АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа.
Харин чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлэг, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Амьтан, ургамал, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.