Авто машины банкинд бензин дүүргүүлэхэд бензин нь гадуур хальж асгарсан бөгөөд асгарсан бензиний үнийг иргэнээр төлүүлсэн тухай гомдлын дагуу МХЕГ-аас “Магнай Трейд” компанийн БЗД-ийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-д шалгалт хийжээ.
Шалгалтаар тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй, банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгарч байгаа зөрчлийг илрүүлэн, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Ил талбайд бензин асгарснаар газрын хөрс, агаарын бохирдол үүсэх, гал гарах зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулах эрсдэлтэй тул шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийнхээ техникийн найдвартай, бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтыг сайжруулан, осол аюулгүй ажиллах талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас санууллаа.