Сүүлийн үед Хятад, АНУ-ын хооронд Өмнөд Хятадын тэнгист мөргөлдөөн гарах магадлал нэмэгдсэнийг ажиглагчид, мэргэжилтнүүд өгүүлэх болсон. Өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин улсынхаа өмнөд бүсийн армид зочлохдоо болзошгүй дайнд бэлэн байхыг тушаажээ. Хятадын өмнөд бүсийн цэргийн тойрог нь Өмнөд Хятадын тэнгис, Тайванийг хянаж байдаг юм. Пүрэв гарагт тус бүс нутагт зочилсон Ши Жиньпин “дайн дэгдэх бүх хувилбар нөхцөлд өндөр бэлтгэлтэй байх” хэрэгтэйг армийн алба хаагчдад захисныг Хятадын Төв Телевизийн суваг дамжуулжээ.
Синьхуа агентлаг Ши Жиньпинийг “Дайн, зөрчил үүсэхэд бэлтгэлтэй байхын чухлыг онцлон тэмдэглэсэн” гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн Пүрэв гарагт Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ улс орныхоо газар шорооноос өчүүхэн хэсгийг ч бусдад өгөхгүй гээд Тайванийг тусгаар тогтнуулах аливаа оролдлого дайнд хүргэж магадгүйг хэлсэн юм.
Есдүгээр сарын 30-ны өдөр Өмнөд Хятадын тэнгист Хятадын байлдааны хөлөг АНУ-ын хөлөгтэй мөргөлдөх шахсан бөгөөд ийм тулгаралтууд цаашид ч гарахаар байна. Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгресс Тайваньд $330 саяын зэвсэг нийлүүлэх шийдвэрийг баталсан нь Бээжинг өдөөн хатгасан хэрэг болоод байна. Зүүн Өмнөд Азийн олон улс орнуудын дунд харьяаллын маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгисийн усан бүсийг Бээжингийн эрх баригчид бүхэлд нь өөрийн газар нутаг болгон газрын зураг дээр тэмдэглэдэг.
Гаагийн олон улсын арбитрын шүүх 2016 оны долдугаар сард Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн эзэмшлийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан боловч Хятадын засгийн газар уг шийдвэрийг хэрэгсэхгүй байгаа юм. Хятадын арми тэнгисийн флотоо тасралтгүй сайжруулж, өргөжүүлсээр өнгөрсөн онд байлдааны хөлгүүд, шумбагч онгоцны тоогоор АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том флот болсон. Гэвч технологийн хүчин чадлаар АНУ-ын флот илүү хүчтэй хэвээр байгаа гэж судлаачид үздэг юм.
Эх сурвалж: South China Morning Post
1 comment
АНУ гэх мэт томоохон гүрнүүд угаасаа ингэж улс орнуудыг самарч өөртөө ашиг олдог