Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд зориулагдах зээлийг зорилтот эздээс нь урьтаж зоргоороо хүртсэн УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудын дуулиан сүүлийн өдрүүдэд сүүдэртэн өрнөж байна. Энэ сүүдэрт УИХ-ын гишүүн Б.Батзориг, Х.Болорчулуун, Г.Солтан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Учрал нарын нэр холбогдон, зөв, буруу тайлбар хэлж, зарим нь худал хуурмагтаа өөрсдөө бүдчиж байх шиг байна. Бид Я.Содбаатар, Б.Батзориг гэх мэт мяндагтнуудын тайлбараас өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаад Н.Учрал гишүүн “Хүннү” ХХК-ийн 950 сая төгрөгийн зээлийн асуудалд албан ёсны гэх тодотголтойгоор өчигдөр тайлбар хийлээ. Тэрээр:
-Миний аавын эзэмшлийн “Хүннү” ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсч надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье.
1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй “Хүннү” ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирснийг монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Уг төслийн хүрээнд 4 жилийн хугацаанд чацарганаас эфирийн тос гарган авч гоо сайхны 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх байсан юм. Гэвч үнэхээр УИХ-ын гишүүн миний нэртэй холбон тайлбарлаж байгаа бол миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ.
Хэрэв би УИХ-ын гишүүний нөлөөллөө ашиглаж, энэ хөнгөлөлттэй зээлд оролцсон байх юм бол хууль хяналтын байгууллагад шалгуулахад нээлттэй шүү гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Би УИХ-ын гишүүн болсоноороо, эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй, шилэн болгох чиглэлээр ажиллах болно гэлээ.
Асуудлын гол нь Хүннү ХХК гарааны компани, жижиг дунд бизнес эрхлэгч мөн үү гэдэгт байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчид, гараанаас гарч буй олон мянган иргэдэд олдоогүй зээл хэдийнэ байр сууриа олчихсон, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн компаниудад “шаардлага хангасан” гэх дүгнэлттэйгээр ороод л ирдэг байх нь.
Ямартай ч зорилтот бүлэгт чиглэгдсэн зээлийн мөнгөнөөс хүртсэн “томчууд” зоригтойгоор буцаан өгч эхэллээ. Үүний араас хэн түүчээлэн залгаж, бусдаас булаасан “зүйлээ” буцааж өгөхийг харж л байя.
ЖДҮХСангийн мөнгө хэчнээн гишүүдийн гараар орсныг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнгөрсөн Баасан гаригт хийсэн мэдээллээр илүү тодорхой болж эхэлсэн юм. АН-ынхны хэлснээр өнөөгийн УИХ-ын олонх болох МАН-ын гишүүдийн 80 хувь нь ЖДҮХС-гаас мөнгө авсан бололтой.
2 comments
Өнөөдөртөө төлдөг юм бол яах гэж, бас яаж зээл авсан болж байнаа, Шуналаа гэж?
Ийм зээлэнд хүрэхгүйгээр наад ажлаа явуулах хөрөнгө та нарт байгаа шүү дээ.Битгий шуналтаж бай.Том компанид гээгүй жижиг гэснийг ойлгохгүй б.на уу??? Гэхдээ л шударга зан гаргалаа. УИХ-ын гишүүн Н.Учралдаа амжилт хүсье.Одоо ёстой бусад шуналтангуудыг харж байя.