Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр (2018.10.29) жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, зээл олгож, жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Гэтэл он гарснаас хойш энэ сангаас нэг ч төгрөгийн зээл олгогдоогүй хэмээн жижиг дунд үйлдэврлэгчид шүүмжилж байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Х.Батдэлгэр:
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг өнгөрсөн Баасан гаригт болсон. Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн шуугианаар далимдуулж маш чухал заалтыг аваад хаячихлаа. Өмнө нь хуулийн тавдугаар заалтад “бичил бизнес эрхлэгч” гэж зааж өгсөн байсан. Үүнийг аваад хаячихлаа. Мөн С.Чинзориг сайд өөрийнхөө яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн сантай нийлүүлээд авчихлаа. Энэ нь бидний гар хөлийг тайрсантай адилхан боллоо. Өөрөөр хэлбэл, бичлээс жижиг рүү, жижгээс дунд руу дэвших боломжгүй болж байгаа юм.
2018 оны улсын төсөвт 97,7 тэрбум төгрөгийг уг санд төсөвлөсөн. Үүний 70,5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх бол 27,2 тэрбум төгрөгийг сангийн өөрийн орлого буюу зээлийн эргэн төлөлтөөр нөхөх юм.
Түүнчлэн ирэх онд баялаг бүтээгчдийн холбооноос эх оронч худалдан авалтыг дэмжих жил болгон зарлажээ. Энэ ч үүднээс улсын хэмжээнд топ 100 аж ахуй нэгжид эх орондоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг ямар байдлаар хүргэж авч байгаа талаар мэдээлэл авах зорилготой албан бичгүүд хүргүүлсэн байна.
Харин яамдаас ирсэн албан бичгийн хариу харилцан адилгүй байв. Тухайлбал, Батлан хамгаалах яам болон Сангийн яам эх оронч худалдан авалт маш сайн хийсэн бол Эрчим хүчний яам өнгөрсөн жилийн хувьд эх оронч худалдан авалт огт хийгээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл 2017 онд улсын хэмжээнд 47,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/nationalpresscenter/videos/2290941384311671/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]