Үүний тулд дор бүрнээ хандлагаа өөрчилье. Монголчууд бид үнэндээ “Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг” гэх тодорхойлолтыг хэнээс ч илүү мэддэг атлаа “Инээмсэглэлээс инээмсэглэл түгдэг”-ийг төдийлөн анзаардаггүй ард түмэн. Өөрөөр хэлбэл, бидний хандлага сөрөг талдаа хэт давамгайлчихаад буй нь асуудлын гол болсон хэвээр байна.
Хэрвээ та амьдралаа өнгөтэй өөдтэй, улс орноо дэлхийн жишигт нийцсэн байгаасай гэж хүсдэг бол бүгдийг өөрөөсөө эхлүүлээд үзээрэй. Энэ нь танд тунхгийн шинжтэй эсвэл бүр дектатурны арга барил шиг сонсогдож болох юм. Гэвч миний амьдралыг надаас өөр, нийгмийг биднээс өөр хэн өөрчлөх юм бэ. Төр засаг шийдвэр гаргалаа гэхэд бид буруу зөв эсэхийг нь шүүгээд эхэлдэг болохоос дагаж мөрдөх нь бидэнд, бидний үр хүүхдэд ямар ашиггай, хэрэгтэй вэ тухай боддог бил үү.
Тэгвэл улс орон, төр засаг гэж хэн юм бэ. Та бид ийм л хоосон үгнээс бурууг хайдаг. Миний амьдрал өөдлөхгүй байгаа нь, энэ нийгэм эрүүлжихгүй байгаа нь төр засгийн буруу гэж хоосон зүхдэг. Гэтэл таны амьдралыг өөрчлөх хүн танаас өөр хэн ч биш. Энэ нийгмийг эрүүлжүүлье гэвэл иргэн та хариуцлагатай бас, зөв дадалтай байхаас эхэлнэ гэвэл санал нийлэх үү. Статистикийн газрын судалгаагаар Монгол Улсын хүн амын 70 орчим хувь нь буюу 1.4 сая нь Улаанбаатар хотод амьдарч байна.
Энэ хэрээр их хотын амьдрал стерсс бухимдлаар дүүрэн байгаа нь нууц биш. Замын түгжрэл хэрээс хэтэрсэн, цалин хангамж бага, бараа бүтээгдэхүүний үнэ хэт өндөр гэх зэргээр бухимдсаар л явна уу. Үүний оронд түгжрэлийг даван туулахын тулд сэрдгээсээ цагийн өмнө сэрүүлгээ тавиад, эхний автобусанд суугаад үз, цалин хангамж бага гэж гомдоллохын оронд ажил, орлоготой байгаадаа талархаад, хэрхэн зөв зарцуулахад анхаарлаа төвлөрүүл.
Товчхондоо, бурууг бусдаас биш өөрөөсөө хайгаад үз. Үүнд мөнгө төгрөг, цаг зав ер нь юу ч хэрэггүй. Хандлага хамгийн чухал. Товчхондоо түнэр харанхуйг зүхэж суухын оронд нэг ч гэсэн лаа асаая. “Иргэн бүрийн сэтгэхүйд эх орон надаас эхэлнэ гэх үзлийг хууль мэт суулгасан цагт бид сая хөгжлийн тухай, бусадтай мөр зэрэгцэхийн тухай ярих боломжтой болно” хэмээн нэгэн эрхмийн ярианаас сонссоноо уншигч танд нэмэлт хачиргүйгээр дамжуулъя.
АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ
“Мэдлэг юуг ч өөрчлөхгүй, харин хандлага бүгдийг өөрчилнө” хэмээн Абрахам Линколин нэгэн цагт хэлсэн нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна. Учир нь хэн бүхний мэддэг, ойлгодог хэрнээ амьдралдаа хэвшил болгож чадаагүй зүйлийг тэр тунхагласан хэрэг. Хэн нэгэнгүйгээр хэн нэгэн хэн ч биш гэх үгийг та хаа нэгтээ сонсч байсан уу. Тэгвэл миний хэлэх гэсэн санаа ердөө л энэ юм. Бид аав ээж, хань ижил, ах дүү, ажлын хамтрагчгүйгээр хэн ч биш.
Нэг үгээр бид, алхам тутамдаа бусадтай харилцаанд орж, бусдаас хамааралтай амьдардаг. Тийм ч учраас энэ бүхэнд таны харилцаа, хандлага юу юунаас илүү чухал. Гэтэл өнөөгийн нийгэмд адаглаад “Сайн байна уу, баярлалаа, уучлаарай” гэх харилцааны энгийн үг, хэллэгийг амьдралдаа хэвшил болгож чадаагүй атлаа улс орон болж бүтэхгүй тухай, бүр өрийн дарамт, улсын хөгжил гэх мэт алс холын зүйлс ярьж бухимддаг болсон нь замд таарсан хэний ч ярианаас илт анзаарагдана.
Тиймээс бид цаашдаа энэ бүхнийг сонссоор, үзсээр, харсаар явах уу эсвэл үүнийг өөрчлөхийн тулд өөрөөсөө эхлүүлэх үү гэдэг сонголтын өмнө тулж ирээд байна. Өнөөдөр Монголын нийгэмд түш түгээж буй мэдээ мэдээллий дийлэнхийг хар, бараан, сөрөг мэдээлэл эзэлж байна. Би түүнийг нь улам дэлгэрүүлх байна. Харин цаашдаа өөрийнхөө амьдралын төлөө, бас үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө дор бүрнээ хичээе.
Дэлхийг хүн амын 90 хувь нь ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүсдэг ч ямар ч үйлдэл хийдэггүй. Насны эцэст өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадаагуйдээ харамсдаг байна. Тиймээс өөрийг тань үргэлжлүүлэх үр хүүхдээ зөв сэтгэхгүй, хандлагатай болгож хүмүүжүүлсэн цагт хүн болж төрсний утга учир орших бус уу. Хэдэн мянган ам.долларын төлбөртэй, тусгай сургуульд хүүхдээ сургаж, үнэтэй машин, чамин хувцас өмсөх нь таны хэрэг.
Гэтэл машиныхаа цонхоор уусан ундааныхаа савыг чулууддаг, өмссөн хувцсанд нь хүрлээ гэж дорд нэгэн рүү давшилдаг бол таны үнэ цэнэ хаана орших вэ. Үр хүүхдийнхээ ирээдүйд том хөрөнгө оруулалт хийж байна гээд хэдэн мянган ам.доллар зарж болох ч өнөөдөр хүүхэд тань хэн болж байгааг анзаарсан уу. Төлбөргүй сургуульд сурдаг хүүхдийг үл тоодог, үүрсэн цүнх, өмссөн хувцсаар нь дүгнэдэг бол монгол хүний үнэ цэнэ хаана орших вэ.
АВТОБУСЫГ ӨГЛӨӨ БҮР УГААДАГ БОЛЪЁ
Нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон том асуудал бол замын түгжрэл. Нийслэлийн удирдлагуудын зүгээс үүнийг шийдэх нэг гарц нь иргэдийг нийтийн тээврээр зорчуулдаг болох. Гэтэл тэд хувийн машинаасаа татгалзаад автобусанд суухыг уриалдаг атлаа орчин, нөхцөлийг нь бурдуүлж өгөхгүй байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээр зорчигч иргэний хувиар хэлэхэд тэнд хоёр л асуудал байна.
Зуны цагт автобус бохир заваан. Харин өвлийн цагт үүн дээр халаалтын асуудпыг хаячихдаг нь нэг дутагдал. Хэдийгээр бүх автобусыг халаалтгүй гэж хэлэхгүй ч энэ нь нийтлэг дутагдал хэвээр байна. Тэгвэл шат шатандаа үүрэг даалгавар болгоод эдгээр асуудлыг шийдээд өгчих. Тухайлбал, ажилд гарч буй автобус бүрийг өглөө бүр цэмбийтэл нь угаачих, паар нь халж байгаа эсэхийг сайтар шалгачих.
Дулаахан, тохьтой цэвэрхэн унаанд суухыг хүсэхгүй хэн байх билээ. Ингээд үүнийгээ хэвшил болгочихвол иргэд замын түгжрэлд хувь нэмрээ оруулан байж хувийн унаатайгаа зууралдаад байхгүй болов уу. Дээрээс нь шалгагч, жолооч нарын хувийн харилцаанд анхаарал хандуулахад илүүдэхгүй. Эдгээр шалгуурыг хангаж байгаа эсэхийг дүгнэхийн тулд автобус баазуудад уралдаан зарлаж ч болох юм.
Аль баазын автобус дээрх шалгуурыг хангасан байна, алинд нь иргэд сэтгэл дундуур байна гэх зэргээр урамшуулах замаар ажлын бүтээмжийг нь үнэлж болно. Ажилд гарч буй автобусыг угаах, паарыг нь ажиллагаатай байлгах зэрэгт тийм ч их хэмжээний зардал гарахгүй. Үр дүнг нь үзэхийн эхлээд үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй. Улсын мэдлийн автобус баазууддаа шаардлага тавиад үз.
Автобус баазууд үлгэрлээд эхэлбэл хувийнх нь дагахыг үгүйсгэхгүй. Бид аливаа асуудлыг шийдэхийн тулд бодлогын хэмжээний том буюу алсын асуудлыг яриад байдаг болохоос энгийн, жижиг зүйлийн талаар боддоггүй, анхаарал хандуулдаггүй нь сөрөг тал болдог ч байж мэднэ. Ердөө л харилцаа, хандлагаа өөрчлөөд үзмээр байна. Эцэст нь эерэг хүмүүсээр хүрээлүүлэх нь иргэн таны хандлагаа өөрчлөх эхний алхам болох болно.
Амьдралыг ямар өнцгөөс, хэрхэн харж байгаагаас шалтгаалан, бидний сэтгэл санаа, үзэл бодол өөрчлөгддөг. Амьдралын талаар эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр тэдний сэтгэлгээ танд сайнаар нөлөөлөх болно. Эерэг хандлагатай, өөдрөг хүмүүс аливааг үргэлж эерэгээр харж, түүнээсээ сургамж баяр баяслыг мэдэрч байдаг бол гутранги үзэл, сөрөг бодолтой хүмүүс бүхнийг буруу талаас нь харж, дүгнэдэг. Хандлагаа өөрчилж эхэлсэн цагаас ажпын бүтээмжтань нэмэгдэж эхлэхийг та анзаарах болно. Харин хүн амьдралдаа эерэг хандлагатай байхын ач тусын талаар сэтгэлзүйч Г.Наранбаатар ямар зөвлөгөө өгснийг танд хүргэе.
Г.НАРАНБААТАР: ИРГЭДИЙГ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЕ
“Манай нийгэм тэр чигтээ хар бараан болчихсон. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс түгээж буй мэдээ мэдээлэл, орчин тойрон нь тэр чигтээ сөрөг болчихсон. Тиймээс бид эерэг талын мэдээлэл, хандлагыг бие биедээ үлгэрлэх хэрэгтэй байна. Олон нийтийн газар шүлсээ хаявал 5000 төгрөгөөр торгох нь зөв. Гэхдээ эхлээд бид нийт ард иргэдийнхээ зүрх сэтгэлд, хандлагаа өөрчлөхөд нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйг яриад хамаг бүхнээ зориулаад байдаг. Гэтэл өнөөдөр таны хүүхэд хэн байна вэ гэдгийг анзаардаггүй, орхигдуулдаг. Өнөөдөр хэн байгаагаас ирээдүй нь хамаарна. Хүүхдэдээ механикаар мэдлэг олгох нь зөв ч энэ хүүхэд дотоод сэтгэлдээ хэн болж хүмүүжиж байна вэ гэдэгт төвлөрөх ёстой. Цаашид таны хүүхэд нийгэмд хэр зөв хүн байх бэ, хэрхэн зөв хандлага түгээж чадах вэ гэдэг л чухал.
Энэ бол ганц хүний хийх ажил биш. Хүн бүр дор бүрнээ хичээгээсэй. Тухайн хүний хандлага эерэг болсон цагт бизнесийнх нь ашиг орлого нэмэгдэнэ, ажлын бүтээмж ч нэмэгдэнэ. Ар гэрийн төдийгүй баг хамт олны харилцаа сайжирна. Хандлага бол амьдралын бүх зүйл. Тиймээс аль болох бүх зүйлд эерэг хандлага гаргаж байгаарай. Нөгөө талаас таны үр хүүхдэдээ үлдээх хамгийн том боловсрол бол эерэг зөв хандлагатай монгол хүн.
Ирээдүйд миний хүү, охин болохгүй зүйлдээ биш болж бүтэж байгаа бүхэндээ төвлөрч сур, амьдралд талархууштай зүйл олон бий гэдгийг ойлгуул. Мэдлэг бол хоёрдугаар асуудал. Боловсролтой, чадварлаг байлаа гээд хүнтэй зөв харилцаж чаддаггүй бол сайхан амьдарч чадахгүй”. Үнэхээр л түүний хэлснээр бид Тавантолгой, Оюутолгой, улс төр ярьж, хэмлэлдэж суухын оронд бүх нийтийг эерэгжүүлэх хэрэгтэй байна.
Ирээдүйд энэ нийгмийг авч явах үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхэд цаг заваа зарцуулдаг болмоор байна. Шаардлагатай бол төр, засгаас бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлмээр байна. Эерэг хандлага, сэтгэлгээтэй иргэдийг бэлдсэнээр эерэг нийгмийг цогцлоох билээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин