“MNTM” шоуны оролцогч бүсгүй амиа алдсан хэрэг гадны нөлөөтэй юу?

“Боловсрол” телевизийн бүтээл “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар тэнгэрт хальжээ. Түүнийг эгчийнхээ байрнаас унаж амиа алдсан гэж байгаа боловч албаныхны мэдээллээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах барилга дээрээс унасан хүн болох Ч нь тухайн байрны оршин суугч гэж мэдээлсэн юм. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж байна.
Үзэгчдийн дунд нэвтрүүлгийн үеэр ийм харамсалтай явдал гарсан гэх ташаа ойлголт явж байгаа юм. Харин үүнд “Боловсрол” телевиз дараах тайлбарыг өглөө. “Хоёрдугаар улирлын бичлэг 2018 оны наймдугаар сарын 22-ноос аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилж дууссан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр завсарлан гэртээ харьсан болно. Нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэд тохиолдсон харамсалтай хэргийг мэргэжлийн байгууллагынхан шалгаж байгаа тул ор үндэсгүй, худал мэдээлэлд автаж цааш түгээхгүй байхыг та бүхнээс хүсье!” гэжээ.
Мөн түүнийг 11 давхраас Монголын томоохон нөлөө бүхий эрхмийн хүү түлхэж унагасан гэх яриа тараад байгаа юм. Үнэхээр гадны нөлөөтэй хэрэг байсан эсэхийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж тогтооно. Энэ сарын 24-ний 17:25 цагт ирсэн өндрөөс хүн унасан тухай дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход бүсгүй нас барсан байдалтай байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Амиа алдсан бүсгүйн ээж хэвлэлд өгсөн тайлбартаа “Миний охин гэрийнхээ түлхүүрийг чанга атгасан байсан. Амиа хорлох хүн гэрийнхээ түлхүүрийг атгах уу? Би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Ямар ч байсан охиныхоо амиа алдсан хэргийн хойноос эцсээ хүртэл явна.” гэв.