Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хээрийн сургуулилалтын талбайд очиж, Батальоны байлдааны буудлагатай хээрийн сургуулилалтыг үзлээ.

Хээрийн сургуулилалт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилалтад амжилттай оролцсон бүрэлдэхүүнд баяр хүргэж, үг хэлэв.

“Эрхэм генерал, офицер, ахлагч нараа

Эрхэм зочид оо,

Сургуулилалтад оролцож байгаа нийт цэргийн алба хаагчид аа

Батальоны тактикийн бүлгийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалтыг зохион байгуулж байгаа Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Та бүхэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар баяр хүргэж, амжилт хүсье.

Энхийн цагт Зэвсэгт хүчний гол үүрэг бол цэргийн сургалт, бэлтгэл байдаг. Тэр дундаа байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь цэргийн сургуулилалтын хамгийн үр дүнтэй хэлбэр гэж тооцоогддог юм. Энэ удаагийн сургуулиар манай цэргийн алба хаагчид Зэвсэг хүчний байлдааны олон талт үүргийг гүйцэтгэх боломж, чадавхиа дээшлүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Монголын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь шинэчлэлийн бодлогыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж байгаагаараа үлгэр жишиг болж байгаа юм. Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэж, олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад амжилттай оролцож мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа гадаад, дотоодод илтгэн харуулсаар байгаа нь бахдал төрүүлэх амжилт юм.

Эртнээс цуутай монгол цэргийн алдар, дайчин уламжлалыг нэр төртэйгээр залгамжлан, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ чадварлагаар биелүүлж байгаа Та бүхний эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг энэ хээрийн сургууль дахин нотлон харууллаа.

Хээрийн сургуулиар тавигдсан үүргийг нэр төртэй биелүүлсэн албан хаагчдад дахин баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн цог золбоо үеийн үед бадарч явах болтугай” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадаар орж, зэвсэглэл, техник хэрэгсэл зэрэг бригадын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

By updown

2 thoughts on “Ерөнхийлөгч Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилалтыг үзэв”
  1. Төрийн тэргүүн маань гудамжны зодоонч бацаанууд шиг л хувцаслахын. Энхболд ерөнхийлөгч болсон бол ядаж намбатай нүд дүүрэн тайван уужуу сэтгэлтэй ухаалаг боловсролтой нь мэдрэгдээд ард түмэн ч их хүндэлнэ, за гадныханд бол бүр хүндлэгддэг хүн. Зогсож бга хувцас бж байгаадаа анхаармаар бн монгол ялна гуай!!!

  2. ерөнхийлөгч маань эх орны сүр сүлд болсон цэрэг армидаа хүндэтгэлтэй хандах ёстой юм шиг байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн