Өмнөд Африкийн Кэйп Тауны Их сургуулийн магистрант Сюзан Ламберт хоёр оюутны хамт хүний шээсээр үйлдвэрлэсэн дэлхийн анхны био тоосгыг гаргаж авснаа зарлажээ. Тэд шээсийг элс, бактертай хольж нягтруулах замаар тоосго гаргаж авсан байна. Ингэхдээ далайн дун хэрхэн ургаж бий болдогтой ижил арга технологийг ашиглаж байгаа гэнэ. Нэг био тоосго ургуулахад 25-30 литр шээс хэрэгтэй.
Нэг хүн дунджаар 300 мл шээс ялгаруулдаг гэвэл 100 удаа шээсний үр дүнд нэг стандарт хэмжээтэй тоосго бүрэлдэх ажээ. Ердийн тоосгыг үйлдвэрлэхийн тулд Цельсийн 1,400 хэмийн халуун зууханд шатаадаг. Ингэхэд нүүрсхүчлийн давхар исэл ялгарч агаарт тардаг. Харин био тоосгоны хувьд халаах үйл явц хэрэггүй. Тиймээс байгаль орчинд ээлтэй, маш их ирээдүйтэй барилгын материал болно гэж бүтээгчид нь үзэж байна.
Зуурмагт бактерийн хэмжээг багахан хэмжээгээр нэмэхэд тоосгоны бат бэх чанар эрс нэмэгддэг бөгөөд ердийн тоосгоноос чанараараа давж гардаг гэжээ. Харин био тоосгыг бүтээхэд хамгийн хэцүү нь үнэрний асуудал. Үйлдвэрлэх явц маш хурц үнэртэй байдаг бөгөөд 48 цагийн дараа тоосго шивтрийн үнэрнээсээ бүрэн салдаг гэнэ. Хүний шээсийг тоосгонд ашиглах явцад азот, кали зэрэг хэрэгтэй бодисууд давхар гаргаж авдаг тул ямар ч хаягдал үлддэггүй, эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдгийг Ламбертын багийнхан баталж байна.
Эх сурвалж: BBC