Юу юугүй сэрүүсч, хүйтний эрч чангарч эхэллээ. Өвөл гэхээр л угаар бодогдож байна уу? Гэхдээ энд арай өөр асуудлыг хөндөх гэж байна. Монголд аялал жуулчлалыг дан ганц дулааны улиралд бус өвлийн улиралд хэрхэн хөлдөөж гацаачихгүйгээр хөдөлгөж, хөгжүүлж болох гарц, боломжийн талаар хуваалцъя гэлээ.

Монгол улс 2010 он гэхэд сая жуулчин авна гэж анх ярьж байсан бол 2015 он болсон ч энэ төлөвлөгөө яг хэвээрээ. 2016 онд ч мөн “энэ жил нэг сая, 2020 он гэхэд 2 сая жуулчин авна” гэсэн байж. Энэ тоо өнөөдөр ч биеллээ ололгүй, төлөвлөгдсөөр явна. Төрийн мяндагтнууд юуг үндэслэж, ямар бодлого барьж энэ олон жил “сая жуулчин” гэж тоть шиг дахин дахин бувтнаад явдаг юм бол? Бид ч гэсэн “нөгөө сая жуулчин хаана байна” гэж асуудаг зуршлаасаа залхаж эхэлж байх шиг.

Онгон байгаль, нүүдэлчин монгол, дээлтэй монгол гэдэг сэдвээр аялал жуулчлалын ашиг орлого хэмжигдэхээсээ нэгэнт өнгөрсөн гэж холбогдох хүмүүс, судлаачид нь дүгнэх болсон энэ цаг үед төр нь “жуулчид татах арга” гээд л энэ хэдэн сэдэв дотроо эргэлдээд, хайрцагнаасаа хальж гарах ухаангүй яваа бололтой. Дэлхийн улс орнууд өдөр бүр шинэ зүйлс сэдэж, өөр хоорондоо хүчтэй өрсөлдөж, аялал жуулчлалын орлого нь 3-4 хувь буурахад л үймэлдэн сандралдаж байхад, Монголын аялал жуулчлалын өсөлт, бууралт хэрхэн хэмжигдэж байгааг нарийвчлан судалж буй салбарын судалгааны байгууллага гэж байдаггүй гэнэ. Зөвхөн хил гаалиар гарсан гадаад хүнийг тоолоод “гадаадын жуулчин” гэдэг тоог гаргаж байгаа юм байх.

Мэдэхгүй, чадахгүй бол мэддэг эрдэмтэн судлаачдаасаа асуух ёстой. Санаачлах гээд ухаан дутвал шинэлэг санаагаар дүүрэн мэргэдтэйгээ харьцах хэрэгтэй. Тэдэнд хэчнээн үнэтэй санал, зөвлөгөө байдаг гэдгийг ганцхан хүнээр жишээ татан дурьдаж болох байна. Энэ асуудалд аялал жуулчлалын салбарын нэгэн томоохон төлөөлөгч болох Ч.Буянбадрах нэлээд шүүмжлэлтэй хандаж санал бодлоо хуваалцсан байдаг юм. Тэрээр “Улаанбаатараас ч хүйтэн хэрнээ 10 сая жуулчин авч чадаад байгаа Харбин хот, Сибирийн өвлийн аялал жуулчлал нь цас мөсөн хотхон, өвлийн усанд шумбалтын тэмцээн, олон улсын тэшүүрийн тэмцээн, уулын цана гэх мэт хөтөлбөр, Өмнөд Солонгос мөсөн хананы олон улсын тэмцээн, Япон улс өвлийн халуун рашаан хөтөлбөрөөрөө алдартай болцгоочихлоо” хэмээжээ.

Үнэхээр улс орнууд өөрсдийн боломжоо бүрэн ашиглаж, гадаад мөнгөн урсгалыг өөрийн улс руу хангалттай цутгаж байна. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн төлөө цаг мөч бүрт төр засгаас нь хүртэл онцгойлон анхаарлаа хандуулдаг байна. Хойд Солонгост Мэйсикронж гэх Монголын Скай ресортоос хэд дахин том цанын бааз бүхий хотхоныг байгуулж, Хятад ба Европын улс орнууд руу аялал жуулчлалын бодлогоо чиглүүлдэг байна. Исланд, Норвеги улсад хойд туйлын туяа харах, мөсөн дээгүүр аялах, халим ажиглах, цаа буга унах, нохойн чарганы аялалд ирдэг аж. Норвегийн өвлийн аяллын гол орлого нь “мөсөн зочид буудал” бөгөөд зул сарын өмнө шинээр барьж цас мөс хайлах хүртэл зочдыг хүлээн авдаг бол Канад улсын Winterlude наадам 20 орчим өдөр үргэлжилж, энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс мөсөн барималчид цугладаг байна. Берлин хот нь зул сарын шоппинг аяллын орлогоор дэлхийд тэргүүлдэг. Рэйн (Rhine) мөрний дагуух хотууд цувран тэмдэглэдэг Fasching хэмээх өвлийн багт наадамд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цуглаж хөл хөдөлгөөнд умбадаг тухай аяллын нэвтрүүлгээр үзэж л байсан биз ээ.

Гэтэл манай улс хүйтний улиралд 80 мянга орчим жуулчин ирдэг гэсэн мэдээтэй байдаг ч өвөл болдог гурван эвентэд ердөө 40-60 гадаад жуулчин харагддаг талаар зөвлөх багш өгүүлжээ. Өнөөг хүртэл аргацааж ирсэн Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”, Чингисийн хүрээний “Бүргэдийн баяр” нь 10 гаруй жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж дотооддоо одоо л танигдаж байна. Харин дэлхийд таниулахын тулд илүү төлөвлөгөөтэй менежмент шаардлагатай гэж тэр үзэж байгаа юм.

Харин жил бүр аравдугаар сард Баян-Өлгий аймагт болдог “Бүргэдийн баяр” улсаас ямар ч санхүүгийн дэмжлэг авдаггүй ч зөвхөн өнгөрсөн жил гэхэд 1000 гаруй гадаадын жуулчинг татаж, орон нутгийн нислэгийн тасалбар олдохгүйгээр барахгүй 1.4 сая төгрөгт хүрсэн байна.

Хүйтний улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай асуудал бол өндөр зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазууд. Мэдээж тухайн наадам, арга хэмжээ тогтмол болох газар нутагт эдгээрийн шаардлага хэрэгцээ гарна. Гол нь бидэнд өрсөлдөгч бий гэдгийг санах хэрэгтэй. Монголчуудын санаачилсан “Бүргэдийн баяр”-ыг л гэхэд Казакстан улс хуулбарлан авч төр засгаас нь дэмжээд олон мянган жуулчдыг өөрсдийн нутаг руугаа татаж байгаа. Өвөрлөгч оронд ч Чингисийн онгон гээд биднээс түрүүнд сэтгэж, түүндээ сэтгэл гаргаж, аль хэдийнэ бүхэл бүтэн суурин төдий бүтээн байгуулалтын ажлыг хийчихсэн. Энэ бүгдийг тоохгүй өнгөрөөж болохгүй.

Монголд өвлийн аялал жуулчлал хөгжих боломж бий юу гэдгийг энэ мэт гадна, дотны жишээнээс харахад ойлгомжтой. Сая жуулчин хүлээн авах зорилгоо биелүүлэхийн тулд “жуулчны улирал”-ыг уртасгах бодлого зайлшгүй шаардлагатай гэдгийг Ч.Буянбадрах багш сануулж байна. Түүний зөвлөж буйгаар бол өвлийн хүйтэн цагийг есөн хоногоор есөн үед хувааж тухай бүрийн онцлогоор ярьдаг заншил Монголоос өөр оронд байхгүй бөгөөд өвөл болдоггүй, цас мөс үздэггүй орнуудаас жуулчид татах “хүйтний менежмент”-ийг хэрэгжүүлэхэд сэдэв дутахааргүй өргөн байна.

Түүний зарим нэг саналаас сонирхуулъя.

-Монгол улс хоёр бөхтэй тэмээгээр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн тэмээний 90 хувь нь ганц бөхтэй учраас сурталчилгааны давуу тал манайд бий. Тэмээгээр аялахад хамгийн сайхан цаг үе бол ес, арав, арваннэгдүгээр сар юм. Оньсон хөдөлгүүрт тэрэг буюу машин гэдэг хүлэг үүсэхээс өмнө 2000 жилийн түүхтэй Торгоны зам, 300 гаруй жилийн түүхтэй Цайны замд тэмээн жингээр бараа товар зөөвөрлөдөг байсан талаар аялал жуулчлалын менежмент хийх нь ашигтай гэж байна.

-Аялал жуулчлалын маркетинг сурталчилгааны өнгө төрхийн 90 хувь нь урин дулаан зун цагийг илэрхийлж байдаг нь “Монголд зөвхөн зун л аялдаг юм байна” гэх ойлголтыг шууд төрүүлдэг байж болох талтай. Сурталчилгааны 50 хувь хүртэлх орон зайг өвлийн өнгөөр сольж, хүйтний улиралд хийх боломжтой аяллын маршрутыг олон сонголтоор төлөвлөх хэрэгтэй.

-Хүйтний улиралд нисэх онгоц, галт тэрэгний тасалбар, зочид буудал, тусгай үзвэрийн үнийг 30 хувь хүртэл хөнгөлөх систем рүү шилжүүлэх, аялал жуулчлалын бүсүүдэд өвөл, зунгүй ажиллах жуулчны баазыг сонгон шалгаруулж бүх татвараас нь чөлөөлөх боломжтой.

-Хүйтний улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд техник хэрэгслийн хангамж зайлшгүй шаардлагатай бөгөөд орчин үеийн технологийн шаардлага хангасан цана, тэшүүр, өвлийн дугуй, мотоцикл, чарга, цасны машин, цасны завь, хиймэл цасны төхөөрөмж, уулын аяллын хэрэгсэл, өвлийн аяллын хувцас хэрэглэлийн импортонд татварын хөнгөлөлт, урамшууллын бодлого хэрэгжүүлж дэмжих хэрэгцээ бий.

-Хүйтний менежментэд бас нэгэн боломжит сэдэв бол монголчуудын “Цагаан сар” юм. Хятадууд нүүдлийн соёл, цагаан сарын уламжлалт ёс заншлыг Өвөрмонголоор дамжуулан танилцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, монгол ба хятад соёлыг нэгэн зэрэг сурталчлах бодлого хэрэгжүүлж байна. Нүүдлийн соёлын жинхэнэ голомт болсон Монголд тэдгээр жуулчдыг татаж ирүүлэх боломж бий.

-Монголын брэнд болсон ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийн жуулчдын анхаарлыг татаж шоппинг аяллын орлогоор Азидаа тэргүүлэх боломж байна. Япон улс цагаан сарын долоо хоногоо “Хар 7 хоног” гэж нэрлэдэг бөгөөд Япон даяар бүх бараа 50 хувиас доош үнийн хямдрал зарладаг тул Зүүн өмнөд Азийн шоппинг турын аялагчид тэр үеэр “хахдаг” гэж хэлж болно. Якут гэхэд жил бүрийн 9-р сард дэлхийн алмааз эрдэнийн чулууны наймаачдыг татаж чадаж байна. Үүнтэй адилхан Монгол улс жил бүрийн 12-р сард зочид буудал, ноолууран бүтээгдэхүүндээ маш сайн хямдрал зарлаж гадаадын худалдан авагчдыг татаж “Ноолуурын сар” болгон хэвшүүлж чадвал өвлийн аялал жуулчлалд томоохон түлхэц өгч чадна.

-Монголд морин чарган дээр дах нөмөрч, дэгтий өмсөн, үнэгэн лоовууз толгой дээрээ тавьчихаад аялж яагаад болохгүй гэж. Хойд туйлд ойрхон бүсүүдэд 10-20 мянган ам.доллар зарцуулан байж аялдаг жуулчдын 90хувийг Хятад тэргүүлж, Япон удаалж, Америк гуравдугаарт ордог судалгаа байна. Дах, дэгтий, үслэг малгайнуудыг жуулчинд зориулан үйлдвэрлэж өвлийн арга хэмжээний хүрээнд “өвлийн монгол хувцасны шоу” зохион байгуулж болно.

-“Улаанбаатарын өвлийн наадам” сүүлийн жилүүдэд улам чамбай болж байгааг ашиглан хугацааг нь уртасгаж, Норвеги, Канадын өвлийн наадмууд шиг өргөн болгож тэдний хөтөлбөрүүдээс хэрэгжүүлэх боломжтойг нь “авах” хэрэгтэй. Сэлбэ голын хөндийг тэр чигээр нь мөсөн гулгуурын талбай болгоод, Сүхбаатарын талбайд байгуулдаг мөсөн гулгуураа томруулж тогтмолжуулаад байх хэрэгтэй гэх мэт саналыг хэлж байна.

Жуулчид манай өвлийн аяллыг сонирхдоггүйдээ биш, Монгол улс мэдээллээ хүргэж чаддаггүйд хамаг учир бий. Тэр хэрээр зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний цар хүрээ бага, сонирхолтой арга хэмжээ цөөн гээд зөвхөн бидэнд хамааралтай асуудлууд цөөнгүй байгаа. Гэлээ гээд хүйтэнд аялал жуулчлал хөшүүн хэвээрээ байж болохгүй. Бид өөрсдөө л хөдөлгөөнд оруулж эрчимжүүлэхгүй юм бол өдрөөс өдөрт, жилээс жилд жуулчид биднээс холдон одох вий.

Хойд туйлаас 900 км зайтай Франц улс Иосифийн арлаа, АНУ Аляскийн хойгоо, Норвег улс Шпицбергээ “өвлийн аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Эдгээр газрууд шиг цастай уул, цасан тал, мөсөн гол бүгд Монголд онгон зэлүүдээрээ байна. Хятад, Япончууд хаяанд нь байгаа Монголыг алгасан тэр алс холын цас мөс рүү сонирхолдоо хөтлөгдөн явж байгаа нь учиртай.

Тэгэхээр манайхан ITB, WTM, JATA, Бээжин, Хонконгийн гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохдоо өвлийн эвент, аяллын хөтөлбөрүүдээ түлхүү сурталчлахаас гадна “манай улс зун л аялахад таатай” гэсэн ухуулгаа зогсоож, хүйтэнд ч даарахаа умартан сонирхох олон гайхамшгууд Монголд бий гэдгийг дэлхий дахинаа таниулж, “тэднийг” Монгол нутгийн зүг хөтлөн залах нь чухал юм.

Я.ХУЛАН

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн