Бодлын харгуй намайг дагуулан хөвөрч байна. Бодлын чанадаас бодол ургана. Бодол маань амьдралд бууж түүнийг тольдоно. Тэр дүр төрхийг анзаарваас Чингисийн монгол хэмээх энэ сайхан орны цөөхүүл ард түмэн бид ингэж зовж байх гэж гэхээс яалт ч үгүй яс хавталзаж, сэтгэл чилээрхэнэ. Одоо гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч тэгээд зовлон нь улам нэмэгдээд, зовлонтон нь олшроод л, зовлонгоор хооллогчид нь томроод л байдаг. Тийм сайхан Монголыг ийм муухай болгодог тэр хэцүу зовлон гэж чухам хаана юу байдаг юм бол оо.
Энэ бол Монголоо гэх сэтгэлтэн бүхний чээжинд хуримтлагдаж байгаа байнгын түгшүүр. Би ч бас ингэж түгшиж байна. “Хүүе та минь ээ, зах зээлийн үе дэх монгол хүн гэдэг адгуус амьтад, араатан жигүүртэн лугаа адил амиа л бодох үйлтэй амьтад болоод байна. Чамайг хэн ч тэжээхгүй. Амиа бод, зөвхөн амиа л бод, бас дахин амиа бод. Хажууд байгаагаа залги, хавь ойрынхноо бушуухан залги. Болж өгвөл Монголыгоо залги, бүх дэлхийг залгисан ч яадаг юм, залгиад бай.
Болох бүхнийг залги, залгиж болохгүй байсан ч залги, бүгдийг нь залгиад дуусга” гэсэн жолоо цулбуургүй эмнэг хангал бодол хүн бүхний аюулхай цээжийг хэдгэнэ шиг хатгаж, зүрх сэтгэлийг хамуу мэт гижигдэнэ. Сац бас анзаарвал энэхүү үзэл амь орж, хүн шиг босч ирээд инээд алдан бөхөлзөөд, найр тавин нахилзаад яалт ч үгүй сэтгэл оюун сэнсрүүлэн, сээтэн хаяж даллана. Угийн уян зөөлөн агаад өгөөмөр нинжин сэтгэлт монгол түмэн энэ урилгыг сонсоод яах аргагүй барьц алдаж орхилоо. Зарим нь өттэй ямаа шиг орох байх газраа олж ядан дороо дэмий л баахан дэвхцэнэ.
Хад бут харангуут харайлгаж очоод шөргөөдөг хамуутай мал шиг зарим нь эд мөнгө, эрх мэдэл юу байна тэр бүхнийг бараадан очиж, шөргөөж үзнэ. Улс төрийн зүтгэлтэн гэх түүчээнүүд нь хэдгэнэд хатгуулсан үхэр тугал шиг оодогнон тонгочиж юу хамаагүйг дайрч, хаашаа хамаагүй цахилах гэж оролдоно. Төр, засаг нь хүртэл улс төрийн нам хүчнээ дагаад хорь гучин жил оодогносон, одоо ч тонгочсоор л байна.
Юу гээч болох нь энэ вэ. Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө гэх социал үзэлтэй байсан монгол түмний тархи зүрхэнд хувиа бодож довоо шарлуулахыг шүтдэг либерал үзэл дайран орж ирэхтэй зэрэг хувийн өмч хөрөнгөтэй болох хүсэл сонирхол үүсгэн сандарч, дээр доороо булаалдан бужигналдаж байгаа нь энэ байв. Харин тэгтэл тэрхүү өмч гэгчийг “хулгай” гэж хэлсэн онц содон нэгэн үг бас сэтгэл бугуйлдаад авдаг юм байна.
Хамаг л бие сэтгэл, ухаан бодлоо зовоохын ихээр зовоож арай ядан хамж цуглуулсан аминаас илүү хайртай өмчийг хулгай зэлгий гэж хатуу хүтүү үгээр дайран доромжилдог тэр хүн аль газрын хэн гэгч вэ гээд сонирхож үзлээ. Тэр бол Пьер Жозеф Прудон гэдэг хүн юм байна. Францын иргэн бөгөөд 1809-1865 онд амьдарч байжээ. Энэ хүн “өмч гэж юу вэ?” гэж өөрөөсөө асуугаад “Өмч бол хулгай” гэж өөртөө хариулжээ. Сонин содон санаа байна.
“Өмч бол хулгай” гэдэг нь үнэн гэж үү?! Энэхүү Ж.Прудон гэдэг чинь жирийн нэгэн алиа салбадай шиг амыан биш харин аугаа их К.Маркстай ном хаялцаж, цэц булаалдаад зогсохгуй анархизм хэмээх бие даасан нэгэн үзэл суртлын үндсийг тавьсан том сэтгэгч юм байна. Прудон ганцаархнаа биш гэнэ. Германы Лассаль, орос Бакунин гэх зэрэг нэгэн үеийн хамсаатан нөхөд байсан гэлцдэг байгаа юм.
Иймэрхүү дэлхийн хэмжээний их сэтгэгч хүн зөвхөн сэтгэлийн хөөрлөөр дэмий балай юм ярина гэж огтхон ч байхгүй ээ. Тэгэхээр тэр нөхөр чухам яагаад ингэж хэлсний цаад учрыг олж, тэр хулгайгаас сэрэмжлэн сэргийлэх арга чарга хайсан нь эрхбиш өлзийтэй байж магадгүй. Өмч бол хулгай гэж юу гэсэн утга санаа вэ. Хэлж мэдэхгүй юм байна аа. Үгүй ингэхэд өнөөдрийн Монголд хамаг л ажлыг гардан хийдэг ажилтан, хийлгэдэг өмчтөн хоёрын чухам хэн нь яагаад өөдлөн дэвжиж, хэн нь яагаад хоосрон доройтож байгаа билээ.
Ийм нэгэн гэнэн цагаан бодол төрдөг юм байна. Юм үнэн мөнөөрөө болдог бол ажлыг гардан хийдэг багш, эмч, төрийн албан хаагч, хөлсний ажилчин, үйлчлэгчид, бүжигчин, дуучин, хөгжимчин, жүжигчин нь юуны өмнө бусдаасаа түрүүлж баяжиж, хөлжмөөр санагддаг. Тийм байвал илүү шударга байхсан. Тэгтэл өмч хөрөнгийн эзэн болсон ажил олгогчид нь баяжаад ажилчид нь ядуураад л байгаа юм. Мэдээжээр хөдөлмөрийн хулгай бол шунал ээжийн төрсөн үр нь байдаг биз. Энэ талаас нь харж хэлсэн үнэлэлт байх. Шунал гэж юусан билээ.
Шинжлэх ухаан юу гэж тодорхойлдгийг бас л мэдэхгүй юм. Харин монголчууд түүнийг шулам гэсэн байдаг. К.Маркс түүнийг босоо ороолон гэсэн гэдэг. Даосизмын сургаалд шунал бол хүнийг онгироо сагсуу болгодог амт гэсэн байдаг. Чингис хаан шуналыг урвагч сэтгэл гэж үздэг байсан. Шунал бол байгалиас заяасан эхтэй бодит амьдрал мөн биз. Чоно гэгч араатан нэг хонь бариад идчихэд цадмаар байдаг боловч нэг барьсныгаа огт идээгүй байтлаа цаана нь цахилж явсан арав хорин хонины багалзуурыг таслаад, сүүлийг чиргүүлээд, гэдсийг хүүлээд хаячихсан байдаг.
Тэгэхлээр зөвхөн гэдэс цадах гэсэндээ биш нэг мөсөн их хоолтой болох гэж тийм их улай үйлддэг байлгүй. Тэгвэл чонынхтой адил хомхой шунал гэдэг нь манай монгол амьдралын чухам хаана нь илүү их байдаг юм бэ? Манай орны энэ их далд эдийн засгийн ар талд шунал гуай л сууж байгаа. Төр, засгийн тогтворгүй байдлын цаана бас шунал гуай сууж л байгаа. Чингэхээр шунал гуай наад зах нь ийм таван бэлтэргэн үртэй юм шиг байна.
Тэгвэл мөнөөх мөлжлөг гэгч нь бас хаана хэрхэн манаргаж явдаг вэ. Мөлжлөгийн ууган үр нь ядуурал, дараагийн үр нь мөнгө хүүлдх, гурав дахь үр нь инфляц, дөрөвдөх үр нь оффошорчин, отгон үр нь ченжүүд. Мөлжлөг тэгэхээр иймэрхүү таван ихэр шулаачийг төрүүлсэн байдаг юм шиг байна. Гэхдээ эдгээр зүйлчлэл бол шинжлэх ухаан бус зүгээр л соён гэгээрүүлэх шинжлэлт сэтгүүл зүйн таамаглал төдий.
Энгийнээр ургуулан бодвоос шунал ба мелжлөгөөс илүү аюултай муухай зовлон гэж амьдын хорвоод үгүй юм шиг байна. Бурхны шашны манлай болсон бурхан багштан бээр хорвоо хоосон чанартай гэж номлосон байдаг. Энэ нь өнгөт ертөнцийн өнгөнд хууртаж өөрийгөө болон бусдыг зовоох хэрэггүй, шуналт сэтгэлийг өдөөгч тэр гоё зүйл чинь зүүд зэрэглээ мэт хоосон гэж сануулсан сануулга хэмээн шашин номын зүтгэлтнүүд ойлгуулдаг байгаа юм.
Үнэндээ энэ хорвоо чинь тийм л байдаг байх. Ямар сайндаа чөлөөт зах зээлийн онолч багштан Кейнс гэгч бээр ямар ч атугай хэн байсан ч заавал үхдэг учиртайг сануулсан билээ. Үхэхийн хооронд бусдыг тэгтэл битгий зовоогоорой гэсэн үг байж болох. Хүнийг тархи толгой нь, улс гүрнийг оюун ухаан нь удирдаж түүхийн жимээр өртөөлсөөр ирсэн болохоор соёлт улс түмэн оюуны баялгийг бүх баялгийн охь манлай нь гэж бүх талаар урамшуулан хөгжүүлдэг, эдүгээ ч тийм байна.
Тэгтэл энэхүү гарцаагүй нийтлэг үнэнийг Монголын нөлөө бүхий баяд ноёдын зонхилох хэсэг нь ойлгох чадамжаа алдсан шиг байх боллоо. Тийм учраас л зөвхөн үл үзэгдэх гар хэмээн нэрлэдэг ярдаг хэвцгий гараар улс орны жолооны хүрдийг залах гэж оролдож, шахаж шаардаж байна. Тийм учраас оюуны баялаг бүтээгчдийг баялаг бүтээгч гэж үздэггүй, оюуны бүтээлийг зөвхөн зах зээлийн борлуулалтын үнэлгээгээр үнэлдэг болсон тул эдүгээ монголхүмүний эх оронч, хөдөлмөрч, бүтээлч уламжлал, нөхөрсөг өгөөмөр нинжин сэтгэл оюуныг өргөтгөн тэлэх үнэт зүйлээр маруухан, шунал тачаалыг дэвэргэсэн, мөлжлөгийг өөгшүүлэн дэмжсэн хөнгөн шалиг, эсхүл өш хонзонгийн зохиол бүтээл үнэд орж байна.
Өмнөт хөршийн эртний их сэтгэгч Күнз гэгч бээр аз жаргал бол өгөөмөр нинжин сэтгэлийн үр мөн гэсэн сургаалын үг хэлж өгсөн байтал түүнийг уншсан, сонссон ч огт тоож үзэхгүй, харин ч эсрэг талаас нь харж аз жаргал бол талцан хуваагдаж харилцан дайсагналцах сэтгэлийн үрээр ирэх юм шиг урвуу харж, буруу сэтгэдэг болоод олон жилийн гунигт түүхийг үдлээ. Хэрэвхүйеэ өөр өөр үзэл бодолтой болсон бол нэгэн гэр бүлийн эр эм хоёр ч салж сарнидаг жамтай юм чинь бүхэлдээ талцан хуваагдаж, дайсагнан тэмцэлддэг болсон Монгол Улсад аз жаргалтай, амар түвшин амьдрах боломж тийм ч амархан олдохгүй биз ээ.
Энэ мэтээс шалтгаалаад Монголын ард түмний хэзээ ямагт амь санаа нэг байдаг эв санааны нэгдэл сүүлийн дөчөөд жилд үндсэндээ байхгүй боллоо. .Бас талцан тэмцэлдэх явц дунд монгол түмний өгөөмөр нинжин сэтгэл яалт ч үгүй бүдгэрч байна. Ингээд бодоход улс дотроо талцан хуваагдаж хоорондоо дайсагналцах улс төрийн өрсөлдөөний бодлого гэгч нь төрөлхөөсөө хэн хүнд туйлын итгэмтгий ханддаг цайлган зантай, шулуун шударга ажил явдалтай, төрөө байнга хүндэтгэн залбирч явдаг Монголын ард түмний сэтгэл оюунд нэг л нутагшиж зохицохгүй, цаанаа л нэг хүйтэн жаварлаг байх болов.
Талцал бол яалт ч үгүй эд хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд, үзэл бодол, эрх ашиг булаалдсан улангассан тэнэг мулгуу тулалдаан учраас Монголд огт тохирохгүй байх шиг байна. Өнөөгийн бид Чингисийн нэгдсэн Их монгол улс байгуулахын өмнех үеийн харилцан дайсагнасан овог аймгууд шиг болоод байгаа юм биш үү. Манай Үндсэн хуульд хамагсайн сайхны эх ундарга болсон хөдөлмөрийг дээдлэн үзсэн гурван тэнгэрлэг сайхан заалт байдаг юм.
Эдгээр заалтын нэг нь тус хуулийн иргэний эрхийн тухай арван зургаадугаар зүйлийн 2-т дурдсан байдаг Монголын иргэн хүн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхтэй гэсэн заалт. Энэ нь хөдөлмөрийн хүний хөдөлмөрийг мөлжиж, амьдралд нь аюул занал учруулж болохгүй гэсэн утгаар энд холбогдож байна. Нөгөө нь мөний 4-т заасан Монголын иргэн бүр “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах” эрхтэй гэсэн заалт. Энэ заалтын амин зүрх нь бас л хөдөлмөрийг мөлжвөл хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хуулийг зөрчинө гэсэн утгаар холбогдоно.
Гурав дахь нь мөний 3-т байгаа “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн заалт. Энэ бол манай Үндсэн хуулийн ариун шүтээн гэхээр бурханлаг заалт. Шударга үнэнч арга замаар л өмч хөрөнгө олж амьдрахыг манай аж төрөх ёсны гол зарчим болгон тунхагласан байхтул ариун гэгээн заалт хэмээн онцолж байна. Энд эд хөрөнгийг зөвхөн шударгаар олж авахыг зөвшөөрсөн байдаг болохоор залилах, дамлах, хахуульдах, тонох, мөлжих зэрэг бусармаг аргаар хөрөнгө олж авахыг хууль бус гэж хориглосон байна.
Тэгвэл хөдөлмөрийн мөлжлөгийг үнэхээр тийнхүү устгаж чадсан уу. Чадаагүй, огт чадаагүй. Гол дутсан зүйл нь гэвэл Үндсэн хуулийг баталснаас хойшхи хорин зургаан жилийн хугацаанд эд хөрөнгийг (өмчийг) зөвхөн шударга аргаар олж авах тухай Үндсэн хуулийн үзэл санааг үндэслэн дэлгэрүүлж өгсөн байвал зохих бүтцийн хуулийг нь хэн ч санаачлаагүй байгаа явдал юм. Учир гэвэл манай хууль санаачлах эрх бүхий зүтгэлтнүүдийн зонхилох нь өөрийн гэргий хүүхэд, аав ээж, ах дүү нарын нэр дээр хөлсний хөдөлмөр ашигладаг хувийн бизнестэй учраас ийм хууль санаачилж зүрхэлдэггүй байж болох юм.
Хэн ч тэгнэ байх. Энэ нийтлэлд мөлжлөгийн тухай үзгээ элэгдтэл үглэж бичлээ. Гэвч мөлжлөг гэж юу болохыг манай деч тавиас доош насны идэр залуус ойлгохгүй болсон байгаа байх. Мөлжлөг хэмээх үг бол манай улс төрийн зүтгэлтнүүдийн ихээхэн эмзэглэдэг цээртэй үг болсон учраас тэр ээ.
Хөдөлмөрийн мөлжлөг гэдгийг улс төрийн эдийн засгийн ухааны үгээр тоймлож хэлбэл ажилтны зайлшгүй ба нэмүү хөдөлмөрөөр бүтээсэн өөрийн өртөг болон нэмүү өртгийн үлэмж хэсгийг ажил олгогч давуу байдпаар завшихыг хэлж байна. Өргөн утгаар нь хэлбэл манай улсын тухайд нэмүү өртгийн орлогын тал хувиас доошгүйг өөрөө цалин хөлс болгон авдаг жишиг тогтсон байвч манайд ажилчин хүнд тавин хувь бус ердөө хорин таваас гучин хувийг өгч байгааг мөлжлөг гэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, олон улсын дундаж түвшинд хүрэх хэмжээний нэмүү өртөг үйлдвэрлэн бүтээсэн бөгөөтлөө олон улсын дундаж түвшнээс хоёроос тав, түунээс ч олон дахин бага цалин хөлс авч байгааг мөлжлөгийн илрэл гэж байна. Хөлсний хөдөлмөрийг зөвхөн хувийн ажил олгогчид мөлждөг юм биш, төр нь хамгийн том ажил олгогчийн хувьд мөлждөг нь нууц биш ээ. Манай тухайд эмч багш, төрийн албан хаагчдын цалин бага байгаа нь төр тэднийг мөлжиж байсан, мөлжсөөр байгаагийн гэрч баримт яалтчүгүй мөн.
Социализмын үед иймэрхүү явдал байсан хэдүй боловч тэрхүү дутуу олгосон цалин хөлсний орлого нь хувь хүний халаасанд бус төрийн сан хөмрөгт орж дараа нь дахин хуваарилалтын шатанд бүх төрлийн үнэгүй сургалт, оюутны цалин, эмнэлгийн үнэгүй үйлчилгээ, амралт сувиллын тэтгэмж, нийгмийн даатгал, бусад олон төрлийн халамж үйлчилгээ болж эзэндээ эргэж очдог байсан. Өнөөдөр бол огт тийм биш болсон. Бараг бүх зүйл ямар нэг үнэ хөлстэй, завсраас нь шулдаг ченж хэмээх дамчидтай болсон.
Мөлжлөгөөр тийнхүү тэжээгдэж тэвээрэг авсан өмч хөрөнгө нь эргэж өөрийн эздийн хүмүнлэг зүрх сэтгэлийг нь хулгайлна. Хүмүн сэтгэлээ хулгайлуулан алдаж, хоосон дотортой болсон эзэн маань өөр бусдыг өрөвдөх хайрлахын зовлонгүй санаа амар мөлжинө. Цаашлаад Төр засгаа хулгайлж луйвардана. Цагаандаа гарахаараа эх орноо ч хулгайлна, бас худалдана. Нийгмийн хөгжлийн үндсийн үндэс болсон бүтээлч хөдөлмөрийг ямарваа хорио цээргүй мөлжиж хулгайлдаг ёс суртхуунтай нийгэм Монголыг ноёрхоод байж байна. Тэгвэл одоо яах ёстой вэ.
Энэ тухай бодоогүй биш бодохоороо л бодсон. Бодохгүй байхсан гэсэн ч бодоод л байсан. Олон зүйлийн учир шалтгааныг орооцолдуулж байгаад л бодсон.Энэ нийтлэлийн эрхэм зорилт ч энэ л байсан. Өнөөгийн энэхүү түмэн бэрхшээлээс гарах ганц гарц бол бүтээлч хөдөлмөрийг хүнийсгэж, ажиллагчдыг өндөр цалин хөлстэй өөр салбар руу, эсвэл гадаад орон руу үргэж дайжихад хүргэж байгаа нэмүү өртгийн орлогыг хуваарилах илүү хүмүнлэг шинэ жишиг загвар борловсруулах явдал мөн гэж харж байна.
Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг үйлдвэрлэдэг аргыг нь бус хуваарилдаг аргыг өөрчлөх ёстой гэж бодож байна. Тухайлбал, АНУ болон бусад өндөр хөгжилтэй оронд нэгэнт хэвшин тогтсон харилцан ашигтай, ухаалаг хуваарилалтын загварыг туршиж болох юм. Энэ бол ерөнхийдөө 50: 25: 25 гэсэн бүдүүвч загвар байдаг юм гэсэн. Тоогоор бүдүүвчилбэл, ажилчин 50 хувь, төрийн татвар 25 хувь, ашиг 25 хувь гэсэн бүдүүвч юм. Бодлын харгуй намайг замчлан өртөөлсөөр хүний хорвоогийн нөгөө нэг үзэлтэй нь золгууллаа.
Түүнийг социал үзэл гэдэг аж. Энэ үзлийн жор нь ямар байдаг вэ гэдгийг хялбаршуулан төсөөлбөл нүдтэй нь сохрыгоо, хөлтэй нь хазгарыгаа, залуу нь хөгшнийгөө, чадалтай нь чадалгүйгээ, эрүүл нь өвчтэйгээ, баян нь ядуугаа тэжээж арчлан амьдын хорвоог хамтдаа туулдаг тийм нөхөрсөг өгөөмөр ёсон. Харах хоёр нүдтэй, алхаж гишгэх хөлтэй, их эрдэм мэдлэгтэй, идэр залуу настай, бас олон сая тэрбумын өмч хөрөнгөтэй байтлаа хаа газрын таних танихгүй харалган сохор, ядуу хоосон хэн нэгнийг гараас нь хөтөлж, асарч тойлж явна гэдэг хэр баргийн хүний ухаан санаанд багтахуйц өчүүхэн бага зүйл яавч биш.
Хүмүний амьдрал гэдэг тэр тусмаа соёлт хүний амьдрал гэдэг ийм л нажидтай агаад бас ихээхэн хошин шог хөг аястай байдаг юм байна. Мөнөөх амьдын хорвоод нэг тогооноос хооллож, нэг хонхорт амьдрах байтугай нэг дүүрэг хороололд амьдарч, нэг замаар явж, нэг зиндаанд сууж үзээгүй тэдгээр гобсек ба ядуусын аль алиныг нь нэгэн цагт эрлэгийнд очих нэг л замаар нүцгэнээр нь явуулдаг гэж байгаа юм. Ихэс дээдэс нь суман цагаан онгоцоор, ядуу зүдүү дордос нь явган нүцгэн явж очдогсон бол бас ч гэж яана гэх вэ, болж л байна гэхсэн.
Тэнд очсоных нь дараа дээдсийг нь бурханы орон руу, дордосыг нь тамын орон луу явуулчихдаг бол бас яана гэх вэ болж л байна гэхсэн. Үгүй ядахдаа ихэс дээдэс нь нэг биш хоёр түүнээс ч илүү олон удаа амьд явж болдог, цаадуул нь ганц удаа амьдраад л дуусдагсан бол бас болж л байна гэхсэн. Тэгтэл тэгэхгүй цөмөөрөнг нь тэгшитгэж ганц ганцхан удаа амьдруулж орхидог энэ хан хорвоогийн шударга ёс гэдгийг ер нь яалт ч үгүй юм байна аа. Эрлэг номун хаан гэдэг чинь манай Чингис хаан шиг шулуун шударга зантай гэж лам багш нар айлддаг байгаа юм.
Тиймээс ядуусыг нь олон түмний төлөө зовж зүдэрсэн буянтан гээд бурханы орон руу, нөгөөдүүлийг нь түмэн олны амьдралыг хулгайлж зовоосон гээд өнөөх там гээч рүүгээ явуулчихдаг нь үнэн бол мөн ч тоогүй явдал болох буй заа. Хэрэвхүйеэ би буруу хазгай бодоогүй бол энэ сайхан хорвоодоо эргэж төрөх хувь тавилантай, хөөрхий бяцхансүнсээ амьд яваа энэ насандаа аварч өршөөх нь бүхнээс чухал болсон шиг санагдана. Гэвч миний мэтийн хэнхэг хөгшдийн үгэнд байтугай бурхан багшийн үгэнд ордоггүй улсыг яалтай ч билээ.
Монголчууд бид малчин удмынх хүмүүс. Малаараа жишээлэхэд юм бүхэн улам тод сайхан харагдах шиг болдог. Миний хамгийн сайн мэддэг мал бол ямаа. Ямаа бидэн хоёр хоёулаа л амьтан. Би ярина. Ямаа майлна. Би мах зооглох дуртай. Ямаа яргуй зооглох дуртай. Гэхдээ хэргийн гол учир энд биш. Юу гэвэл, ямаа чононоос айдаг. Би өөрөөсөө айдаг. Ямаа, бидэн хоёрын ялгаа энд л бий. Чоно ямааг барьж иддэг болохоор тэр түүнээс айхгүй гээд яанам. Хүн өөрийгөө “Барьж иддэг” болохоор өөрөөсөө айхгүй өөр юунаас айнам. Би монгол түмнээсээ айж байна. “Намайг бариад идчих вий” гэж айгаагүй. Харин монголчууд бид монголоо бариад идчихвий” гэж айдаг.
Ямаа хэчнээн сэлмэн сайхан эвэртэй гээд чоныг мөргөж чадах биш. Чонотой тааралдахаараа толгой дээрх сэлмэн хоёр эврээ мартаж орхидог амьтад. Тэгээд л жаад гэж ганц хоёр орилоод багалзуураа таслуулан амь тавина. Монголчууд бид ч адилхан төр барих эрх хэмээх “сэлмэн сайхан эвэртэй” боловч мөнөөх хүний зовлон идэштнүүдийг мөргөж чадах биш. Өөрийнх нь нэг насны амьдралыг мөлжөөд, луйвардаад авчихсан, тэдэнтэй тааралдахаараа зэрэг мөнөөх төр барих эрх гэх сэлмэн сайхан “эврээ” мартчихдаг.
Ямаа эвэртэй байсан ч эвэргүй байсан ч ялгаагүй чононд идүүлдэг л байна. Эгэл хүмүүс эрхтэй байсан ч, эрхгүй байсан ч ялгаагүй “Хүний зовлон идэштэй хүрэл чулуун зүрхтэй” дээдэстээ идүүлдэг л байна. Дээдэс маань Монголыг төргүй улс, намгүй ардчилалтай орон болгохсон гэж хүсч байна. Ямар ч хэрүүл зодолдоон аянга мэт начигнана. Хагацал зовлон бороо мэт асгарна. Чөтгөр шулам согтуу мэт агсарна. Гэвч тэр бүхнээс айж, эмээх хэрэггүй ээ. Энэ тань амьдрал биш зүгээр л хуучирсан бодол. Юутай ч “Амьд явахын сайхныг яанам, араатан байхын амархныг яана, хүн байхын хэцүүг яанам” гэсэн хэдэн үг толгой тархинд шивээт хялганы өргөс мэт зоогдож орхиод сугарч гарах янзгүй ээ.
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ