УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2019 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр Л.Болд гишүүн “УИХ-ын гишүүд үг хэлэх эрхгүй боллоо шүү.” хэмээн гомдол мэдүүлэв.
Уг нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 25.16-д нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед байнгын хороо, нам эвслийн бүлэг, гишүүд гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл санаачилсан гишүүд саналаа тайлбарлаж үг хэлэх юм байна гэдгийг УИХ-ын дарга гишүүдэд сануулан тайлбарлав. Үг хэлэхийг хүссэн УИХ-ын гишүүн Л.Болдын нэр хэлэлцэж байгаа хуулийн төслийг санаачилсан гишүүд, ажлын хэсгийнхний нэрс дунд байгаагүй тул үг хэлэх эрхгүй болжээ. Гэвч горимын санал тавихаар болж ам нээх эрх олж авав.
Ингээд Л.Болд гишүүн ам нээвэл уушиг нээ гэгчээр “Та бүхэн харж байгаа биз? Их хурлын гишүүд үг хэлэх эрхгүй боллоо шүү. Ийм л горим луу бид орсон байна. Одоо Та бид зүгээр л нэг кноп дарагчид. Асуудал дээр байр сууриа илэрхийлэх эрхгүй парламентын гишүүн гэж юу байсан юм бэ. Монголын ардчилал маш том ухарлаа. Түрүүчийн их хуралд бид нар бас ийм алдаа хийсэн юм. Цөөнх нь хугацаагүй завсарлага авдаг байсныг манайхан олонхоороо дараад, тэгэхэд Ц.Нямдорж гишүүн “Харж байгаарай, та нар үүнийг өөрсдөө амсах болно доо” гэсэн. Үнэхээр бид энэ их хурал дээр амсаж байна. Чойжилсүрэн гишүүн ээ! Дараагийн их хуралд та нар энийг амсах болно за юу. Та нар өөрсдийнхээ амыг таглаж байгаа юм шүү. Монголын цөөнх сөрөг хүчний амыг та нар таглаж байна. Миний саналыг Чойжилсүрэн гэдэг байнгын хорооны дарга “Тэвчишгүй зардал гэдгийг би ойлгохгүй. Миний үзэмжээр өөр” гээд хасаад хаясан. Тэгэхээр энэ саналыг би Төсвийн байнгын хороо луу буцаах горимын саналыг оруулж байна. Яагаад гэвэл энэ бол хууль зөрчсөн төсөв. Би угаасаа энэ төсвийг цэцэд өгнө. Тэгэхээр нотолгоо болгохын тулд энэ үгийг хэлж байгаа шүү. Одоо Монголын ардчилал хаашаа явахыг та нар дүгнэж чадаж байна уу? Тиймээс гишүүдийн эрхийг зөрчсөн энэ “зүйлийг” хойшлуулж өгөх горимын санал гаргаж байна. Цэц дээр очно гэдгээ би хэлье. ” гэлээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд хуралдаан дэгээрээ явж байгаа гээд, байнгын хорооноос орж ирсэн зарчмын зөрүүтэй саналын 1 дүгээр саналыг буцаая гэсэн Л.Болд гишүүний горимын саналыг дэмжье гэсэн томъёллоор санал хураахад гишүүдийн 85.5 хувь нь татгалзлаа.