Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанидаа 950 саяас-1.2 тэрбум төгрөг авсан тухай мэдээлэл гарсан. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатараас тус сангаас зээл авсан эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Манай эхнэрийн найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуй нэгж Жижиг дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод нэлээд удаж байгаа. Энэ зээлийн талаар зээл авсан аж ахуйн нэгжээс нь тодруулж асуусан. Аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтад орж зээлээ аваад зориулалтын дагуу ашиглаад, тодорхой ажлын байр бий болгоод энэ төслөө хэрэгжүүлж байгаа юм билээ. Хэдий хэмжээний зээл авсан гэдгийг нь тухайн аж ахуй нэгжээс асуусан нь дээр” гэсэн юм.
Тэгвэл энэ талаар “Эпато Анарваан” ХХК-ийн захирал М.Ариунаагаас тодруулав.
“МАНАЙ КОМПАНИ ГРАФИКИЙН ДАГУУ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЯВАА”
-Танай компанийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Монголд эх, нярайн өвчлөлт ихсэж байгаа нь нийгэм, эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлын нэг юм. Энэ өвчлөл нэмэгдэж байгаа нь эх нярайн асаргаа, төрсөн эх гам алдах, түүнээсээ болж эрт болон хожуу үеийн эмгэг илрэх, суурь өвчтэй болохтой мөн холбоотой. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд мэргэжлийн хүмүүс нийлж судалгаа хийн, олон улсын жишиг, стандартад нийцсэн төрсний дараах эх, нярайн асаргаа, сувилгаа, хөхөөр хооллолтыг дэмжих, хөх арчилгаа, нярай хүүхдийг зөв амлуулах, асрах үйлчилгээг Монгол улсад анх удаа оруулж ирэн, нутагшуулах чиглэл дээр удаан хугацаанд ажилласан. Үүний үр дүнд Солонгос улсын мэргэшсэн зөвлөхтэйгөөр энэхүү мэргэжлийн сувиллын үйлчилгээг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад бидэнд санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болсон тул Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нээлттэй сонгон шалгаруулалтанд төслөө илгээж, судлуулан, барьцаа хөрөнгөө тавьж, зохих хууль, журмын дагуу зээл авсан.Бид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийж байгаа. ЖДҮХС-гаас зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, эргэн төлөлт, үйл ажиллагаа зэрэг дээр хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ гаргаж явдаг. Бид төслийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгааг хэлэхийг хүсэж байна.
-Тус зээлийг яг юунд зарцуулсан юм бэ?
-Энэхүү зээлийг авснаар нийгэм, эрүүл мэндийн салбарт эх, нярай, гэр бүлд зориулсан шинэ үйлчилгээг нэвтрүүлэн, валютын гадагшлах урсгалыг тодорхой хэмжээнд багасгаж, өнөөдрийн байдлаар 30 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна. Цаашид 60 гаруй ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна. Мөн бид ажиллагсдынхаа мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага менежментийн арга барилыг сайжруулах зорилгоор Солонгос улсад дадлагажуулж, мэргэшүүлсэн. “Анарваан” төрсний дараах эх, нярайн сувиллын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг бөгөөд манай вэбсайт, фэйсбүүк хуудсуудаар орж мэдээлэл авч болно.
-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танай компанитай ямар холбоотой юм бэ? Түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг оролцоотой юу?
–Я.Содбаатарын хувьд манай компанид хувь эзэмшдэггүй, компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй. Харин түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг “Анарваан” төрсний дараах эх, нярайн сувиллыг үүсгэн байгуулагчийн нэг. Гэхдээ сүүлийн хугацаанд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан сувиллын үйл ажиллагаанд оролцоогүй. Б.Мөнгөнцэцэг нь эмч мэргэжилтэй, салбартаа олон жил ажилласан, мэргэжил нэгт хүн учир бид хамтарч энэхүү сувиллыг үүсгэн байгуулсан юм.
Эх сурвалж: zaluu.com