АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өчигдөр орой (2018.10.23) Төрийн банкны гурван захирал, гурван теллерийг 461 ангид цагдан хорьжээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Шүүх өнөөдөр (2018.10.24) баривчлагдсан албан тушаалтан С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Төрийн банк нь Монголын хамгийн олон захиралтай байгууллагын нэг. Жил гаруйн өмнө Банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая төгрөгийн цалин авдаг тухай мэдээлэл олон нийтэд хүрч, гайхшийг төрүүлж байсан юм.
Өчигдөр саатуулагдсан захирал Б.Цэндсүрэн үүрэгт ажлаа Г.Дөлгөөнд хүлээлгэж өгөөд хэдхэн сар болж байгаа. Хоригдсон албан тушаалтнууд танил талдаа тэрбумаар хэмжигдэх зээл гаргасан. Ингэхдээ зээлийн тодорхой хувь, олон сая төгрөгийг авлигад авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа сурагтай.
Энэ бол Төрийн банкны удирдлага АТГ-ын хаалгыг татсан анхны тохиолдол биш юм. 2016 онд тус банкны орлогч захирлаар ажиллаж байсан Т.Дорждэрэмийг АТГ мөн саатуулсан бөгөөд ингэхдээ мөн л албан тушаалаа урвуулан ашиглсан. Их хэмжээний найдваргүй зээл олгож, бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж байв.
Эрүүгийн хуулийн 268 дүгээр зүйл ангийн дагуу шалгагдсан Т.Дорждэрэм өнгөрсөн тавдугаар сард шүүхээс ял оноож байв. Т.Дорждэрэм нь Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчит “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүхээс 25 сая төгрөгийн авилга авсан. Л.Алтансүх Орон нутгийн мэдлийн өмчийг Төрийн банкинд барьцаалж 800 сая төгрөгийн зээл авахдаа энэ хэмжээний хахуулийг авсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон байдаг. Т.Дорждэрэм энэ хэргийг үйлдсэнийхээ таван жил нэг сар хорих ял авсан. Өчигдөр баривчлагдсан захирлуудын хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Я.ХУЛАН