Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн (2018.10.23) хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээллээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ирэх онд төсөвлөж буй хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулах талаар тоймлон хүргэе.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийт 8 хорооны 26,340 мянган өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг хийж эхэлжээ. “Таван толгойн түлш” ХХК нь сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд 2019 оны есдүгээр сарын 15-н гэхэд шаардлагатай байгаа 600 мянган тонн түлшний тодорхой хувийг төрийн өмчит үйлдвэрээ түшиглэж бэлтгэх юм байна. Үлдсэн хэсгийг хувийн хэвшлийн 11 аж ахуй нэгж нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллана.
2018-2019 оны өвлийн улиралд 93.700 тонн түүхий нүүрс, түүнээс ялгарах 660 тонн тоосонцор, 650 тонн хүхэрлэг хийг бууруулна гэж салбарын сайд мэдэгдлээ. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 2860 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 348 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 42 сая 940 мянган төгрөгийн торгууль ногдуулан, гурван зуухны үйл ажиллагааг түр зогсоох акт тогтоосон байна.
Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Үүнээс:
-шөнийн тарифын хөнгөлөлт 16,4 тэрбум,
-бага дунд оврын 3000 зууханд фильтр суурилуулахад 22,5 тэрбум,
-сайжруулсан түлшний татаас олгоход 54,7 тэрбум,
-гэр хорооллын 20602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд баригдах “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын талбайн шарилыг шилжүүлэх зардалд 1,4 тэрбум,
-өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум,
-хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардалд 3,3 тэрбум,
-олон нийтийн мэдлэг мэдээллийг түгээх сурталчилгааны зардалд 350 сая,
-индукцийн суурилуулалтанд 2,7 тэрбум төгрөгийг зарцуулах зэргээр тус тус төлөвлөжээ.