Өчигдөр буюу /2018.10.23/-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эх оронд нь айлчилж байгаа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг Кремлийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны хооронд 1987 онд байгуулагдсан Дунд Тусгалын Цөмийн Зэвсгийг хориглох гэрээнээс АНУ-ыг гаргах асуудлаар хэлэлцэхээр ирсэн юм. Уулзалтын эхэнд Путин Вашингтоны энэхүү дайнч бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа хошигнолоор илэрхийлжээ.
Тэрбээр “Миний санаж байгаагаар АНУ-ын сүлдэнд нэг савартаа 13 сум атгаж, нөгөө савартаа чидун жимсний мөчир атгасан халзан бүргэдийг дүрсэлсэн байдаг. Энэ нь энх тайванч гадаад бодлогыг билэгддэг” хэмээн Болтонд хандаж хэлсэн байна. Путин цааш нь “Надад нэг асуулт байна. Танай бүргэд бүх чидун жимсээ идчихсэн юм уу? зөвхөн сумтай үлдээ юу?” хэмээн асуужээ.
Болтон хариуд нь “Харамсалтай нь би энэ удаа чидун жимсгүй ирлээ” гэхэд “Би ч бас тэгж бодсон юм” гэж Путин хариулсан байна. Болтон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг удахгүй Парист Путинтай уулзах хүсэлтэй байгааг энэ үеэр дуулгасан юм. Өчигдөр Жон Болтон бас ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хэлэлцээр хийсэн байна.
Эх сурвалж: Russia Today