Замби улсын засаг захиргаа усны үхрийн тоо толгойд хяналт тавих хөтөлбөрөө шинэчлэхээр болсон тухай зарлалаа. Уг төлөвлөгөө ёсоор улс даяар 2000 усны үхрийг устгах юм байна. Тус улсын Аялал жуулчлалын сайд Чарльз Банда ийм шийдвэр гаргах болсныг Луангва голын усны түвшинтэй холбон тайлбарласан байна. Түүнчлэн энэ амьтдыг өөр газарт шилжүүлэх нь Замби улсын төсөвт хүнд тусна гэжээ.
Замби улсын Өмнөд Луангва үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 13 мянга гаруй усны үхэр идээшдэг. Гэхдээ энэ бүс нутагт дээд тал нь 5000 усны үхэр идээших л хүчин чадалтай аж. Тиймээс эко системд нь аюул учруулаад буй усны үхрийн тоо толгойд арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.
“Одоогийн байдлаар бидний хийж чадах цорын ганц хувилбар бол агнах явдал” хэмээн Аялал жуулчлалын сайд мэдэгджээ. Замби улсын засаг захиргаа 2016 онд усны үхрийн тоо толгойг бууруулахаар төлөвөлж байсан. Гэвч Британийн Born Free байгууллагаас үүнийг эсэргүүцсэн байна.