[starbox]
Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл өнөөдөр (2018.10.23) “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд энэ удаад “Мэргэжлийн сэтгүүлзүй ба дижитал эрин үe” сэдвийн дор санал бодлоо солилцож, цахим орчинд хэвлэл мэдээлэл, рeдакци өөрийн зохицуулалтыг хэрхэн бий болгох, мэргэжлийн ёс зүйгээ хэрхэн баримтлах, сэтгүүлч хэрхэн манлайлах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм.
Форумын үеэр ХМЗ-д 2015 оноос 2018 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд иргэдээс ирсэн санал гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ. Энэ хугацаанд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас 180 орчим гомдол ирснийг Ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Эдгээр гомдолтой холбоотой сэтгүүл зүйн бүтээлийн 80 орчим хувь нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн учраас редакцууд буруутжээ.
2018 оны аравдугаар сарын байдлаар иргэдээс ирсэн гомдлын тоо 86-д хүрчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад тасралтгүй өссөн дүн юм. Иргэд редакцийн эсрэг гомдлоо шүүх, цагдаад гаргахаас илүүтэй өөрийн зохицуулалтын байгууллагыг сонгож байна. Дээрх гомдлын 85 хувь нь сонин, сэтгүүл болон мэдээллийн цахим сайтуудад хаяглажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага энэ онд 350 болж буурчээ
Мөн өнөөдөр сэтгүүлчдийн гаргадаг алдааны талаар хэлэлцлээ. Тухайлбал, мэдээллийг нягталж шалгадаггүй, олон эх сурвалжаар баталгаажуулдаггүй, тухайн мэдээний агуулга, зураг эшлэлийг буруугаар ойлгуулах, тухайн хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаггүй, таамаг цуу яриаг нийтэлдэг зэрэг ёс зүйн алдаанууд гардаг гэдгийг форумын үеэр мэргэжилтнүүд хэлж байв.
Манай хэвлэл мэдээллийн салбарт 3000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч ажиллаж байна. Гэвч “мэргэжлийн сэтгүүлч авна” гэсэн зарын дагуу ирдэг хүн цөөн байдаг аж.
Өнгөрсөн жилийн хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан мониторингийн судалгааны дүнгээс үзэхэд, манай улсад 89 сонин, 80 сэтгүүл, 125 телевиз, 56 радио, 96 вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Мэдээлэл түгээж байгаа вэбсайтууд сонгууль гэх мэт онцлох үйл явдлын үеэр 180 хүрэх нь бий. Жишээлбэл, 2016 онд 450 байсан хэвлэл мэдээллийн байгууллага энэ онд 350 болж буурчээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл борооны дараах мөөг шиг олшрох нь мэдээний чанарт бус хурдад илүү анхаарах нөхцөл байдлыг үүсгэдэг. Ингэснээр хоорондоо контентоороо өрсөлдөж, улмаар мэдээ мэдээллээ нягтлах, шалгах хяналтын ажиллагаа орхигддог байна. Энэ мэтчилэн олон талын асуудлыг форумаар хэлэлцлээ.
Мэргэжлийн сэтгүүл зүйг мэргэшүүлэх цаг болсон
Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн байгуулагын төлөөллүүд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл (МХМЗ)-өөс зарим асуултандаа хариулт авлаа.
-Мэргэжлийн сэтгүүлзүй, олон нийтийн сүлжээ хоёрыг сөргөлдүүлж, хооронд нь өрсөлдүүлэх гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Олон нийтийн сүлжээ гэдэг тенологийг дагаж үзэл бодлоо илэрхийлснээр сэтгүүлзүй улам баяжиж байгаа гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Харилцан нэгнийгээ хөгжүүлээд явж байна. Иргэд мэргэжлийн сэтгүүл зүйн чиглэлээр бичсэн мэдээнд итгэх үү, сошиал сүлжээгээр явж байгаа мэдээ мэдээлэлд итгэх үү?
-Мэдээлэлд итгэх үү, мэдээнд итгэх үү гэдэг нь тухайн хүний боловсролоос хамаардаг. Мэдээлэл, мэдээ хоёр хоорондоо ялгаатай. Нийгмийн сүлжээнд байгаа мэдээлэл бол нэг ёсондоо түүхийгээрээ байгаа “мэдээлэл”. Тухайн мэдээлэл дээр сэтгүүлч ажиллаад ЦЕГ болон ОБЕГ-аас нэмж тодруулаад албаны эх сурвалжтай гаргахыг “мэдээ” гэдэг.
Сэтгүүлчдэд зэрэглэл олгох болон мэргэшүүлэх тухай асуултад:
-Мэргэжлийн сэтгүүл зүйг мэргэшүүлэх цаг болсон гэж харж байна. Тухайлбал сэтгүүлчээр төгсөөд ажлын байранд очсон оюутныг мэргэшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, сэтгүүлч мэргэжлээр төгсөөд орон нутагт ирсэн хүүхдүүдийг сурвалжлагч гэсэн орон тоон дээр тавихад ууралдаг. Сурвалжлагч гэдгийг “сайн дурын бичигтэн” гэж ойлгох тохиолдол орон нутагт байдаг. Өнөөдөр сошиал ертөнцөөр шуугиж байгаа мэдээ мэдээллийг мэргэжлийн сэтгүүлч газар дээр нь очиж үнэн бодитой мэдээллийг үзэгч, уншигчдад хүргэдэг. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдэд зэрэглэл тогтоож, мэргэшүүлэх нь чухал асуудал болоод байна. Гэхдээ сэтгүүлчдэд зэрэглэл олгоно гэхээс илүү мэргэшүүлэх шаардлага байгаа. Сэтгүүлчид тухайн нэг салбартаа мэргэшиж мэдээ мэдээлэл бэлтгэхийг хичээдэг боловч хүн хүчний боломжоос хамаарч бүх салбарт орж бичдэг гэсэн хариулт өглөө.
“Мэргэжлийн сэтгүүлч, сайн дурын уран бүтээлч хоорондоо ялгарах цаг болсон”
BSP компанийн креатив багийн ахлагч Д.Түмэн-Өлзийгийн байр суурийг сонслоо. Тэрээр “Мэргэжлийн сэтгүүлч, сайн дурын уран бүтээлч хоорондоо ялгарах цаг болсон. Нэг хэсэг нь асуудал хөндсөн агуулгатай мэдээ, сурвалжлага бэлдээд идэвхтэй ажиллаж байхад, нөгөө талд хэсэг нөхөд бусдын оюуны бүтээлийг хулгайлж, өөрсдийн нэрээр нийтэлж, зарим тохиолдолд мэдээллийг гуйвуулж тавьдаг явдал олон бий. Мөн сошиалд тавигдсан мэдээллийг зарим сэтгүүлч мэдээ болгож тавьдаг байдал ч элбэг. Тухайн мэдээллийг мэргэжлийн хүнээс тодруулж тавилгүйгээр нийтэлж бичдэг үзэгдэл манайд мэр сэр ажиглагддаг.” гэсэн юм.
Ийнхүү өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарынхан “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар алдаа оноогоо дэнсэлж, асуудлаа хэлэлцлээ.