Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд ээлжит сонгууль ойртож байгааг улам бүр мэдрэв. 2019 оны төсөвт УИХ-ын гишүүдийн дахин сонгогдох хүсэл мөрөөдөл хамт суужээ. Тэгвэл эрх баригч МАН-ын залуус үүнээс ч илүүгээр сонгуулийнхаа бэлтгэлийг базааж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тэргүүтэй залуус “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо” хэмээх фракц байгуулжээ. Ж.Мөнхбат голдуу залуусаас бүрдэж байгаа фракцаа 32, 33-ын бүлгийн бүх гишүүнд урилга илгээсэн байна.
Одоогоор түүний фракцад Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Н.Төмөрхүү, Б.Баярмагнай нар нэгдсэн тухай мэдээлэл байна. “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны албан ёсны нээлт 2018 оны аравдугаар сарын 20-ны бямба гаригт болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Спортын төв ордонд үндэсний бөх барилдуулж, үүнийг нь Архангай аймгийнх нь “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд зохион байгуулжээ. Тэрчлэн Ж.Мөнхбат холбооныхоо нээлтийг Тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулсны 73 жилийн ойтой хамтатган хийсэн гэж байна.
Энэ тухайгаа Ж.Мөнхбат “… “МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”, “Бөх билэгт” дэвжээ хамтран зохион байгуулж буй Үндэсний хүчит бөхийн барилдаан сайхан болж байна. Монголын бүх ард түмний санал асуулгаар эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулсаны түүхт 73 жилийн ойгоор энэхүү түүхэн үйл хэргийг удирдсан маршал Х.Чойбалсан гуайн зээ охин, Ю.Цэдэнбал гуайн төрсөн дүү, Г.Бумцэнд гуайн зээ нарын үр хойчист нь хүндэтгэл үзүүлж, Хотын Засаг даргын олгохоор шийдвэрлэсэн орон сууцны эрхийн батламжийг гардуулж өглөө.
Тулганд дүрэлзэх гал ариун байг. Тусгаар огтнол мөнх байг. Жамъянгийн Мөнхбат. УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” -г үүсгэн байгуулагч” гэж бичсэн байна. Гэхдээ судлаад үзэх нээ, энэ холбоо шинэ биш юм. Тамга, тэмдгээ дарж байгаад аль эрт, хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо” жил гаруйн өмнө, 2017 оны наймдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд ил захидал илгээж байлаа.
“…Бид өнөөдөр олдохоороо өлдөхийн зовлондоо баригдан хувийн эрх ашгаас цаашхийг харж чадахгүй сууна. Хүрэх газраа сайдын суудал гэж харж явна. МАН-ын дотоодын энэ зовлон дээр шинэ Ерөнхийлөгч илэрхий тоглож эхэллээ. Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурснаар МАН-ын бүлэг эн тэнцүү хоёр хуваагдлаа. Ингэснээр УИХ-д 65 суудалтай МАН-ын байгуулсан Засгийн газрын хувь заяа парламентад 9-хөн суудалтай АН-ын бүлгийн гарт бүрэн орлоо. …Үгэндээ ордог Засгийн газрыг хүсч байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга, намын Их хурал, намын даргын сонгуулиа алгасаад шууд Ерөнхий сайд болох гэж яаран бусдын тоглоомонд орж байгаа У.Хүрэлсүх нарын хэн нь энд илүү буруутай вэ.
Нам дотроо эхлээд ярилцъя” гэж тэрхүү захидалдаа бичиж байв. Тэр үед Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байсан юм. Харин өнөөдөр энэ холбооны удирдагч нь болсон байна. Тэгэхээр “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо” тэр үед Ж.Мөнхбатын “оффшор” холбоо нь байв уу, эсвэл мань эр саяхнаас энэ холбоонд нэгдэж улмаар удирдагч нь болчихов уу гэдэг сонирхолтой л санагдаад юм.
Ямар ч байсан энэ фракцын гол зорилго нь ирэх 2020 оны УИХ-ын сонгууль гэдэг нь тов тодорхой байна. МАН-ын нэр хүнд сайнгүй байна. Маргааш сонгууль болох юм бол МАН лавтай унахаар байгаа. Яг л живж буй “Титаник” шиг дүр зураг харагдах болсон. Шулуухан хэлэхэд, 2020 оны сонгууль хүртэлх жил гаруйхны хугацаа өнгөрсөн. МАН-ын одоогийн удирдлагууд огцом реформ хийж, нэгэнт унасан нэр хүндээ аврах алхам хийж чадахгүй л бол одоогийн гишүүд дахин сонгогдох магадлал маш бага. Тийм учраас л нам доторх нам бий болгож, түүнээсээ зүүгдэж байгаад дараагийн сонгуульд тэсч үлдэх хүсэл бүгдэд нь байна.
Долоон сарын өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд “МАН-ын дэргэдэх Дэвшилтэт холбоо”-г байгуулснаа зарлаж байв. Гэхдээ бөх барилдуулж, нээлтээ хийсэн эсэх нь мэдэгдээгүй. Ямартай ч “МАН-ын дэргэдэх Дэвшилтэт холбоо”-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хамт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нар нэгдсэн тухай мэдээлэл байдаг юм. Тэд холбооныхоо талаар “…Бидний туйлын зорилго бол МАН-д бугшаад байгаа авлига хээл хахууль, албан тушаалын хэргийг цэвэрлэх.
Санхүүгийн хувьд шилэн болгож, хариуцлага тооцож чаддаг механизмыг бүрдүүлэх юм. 60 тэрбум болон “Эрдэнэт үйлдвэр”- ийн 51 хувьтай холбоотой асуудал одоо хүртэл яригдаж байна. Эдгээр асуудлаас МАН салах хэрэгтэй. Үүний л төлөө бид ажиллана. Хэрэв авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй манай намын гишүүн холбогдвол чөлөөлдөг байх хэрэгтэй. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэсэн алхам биш” гэж мэдэгдсэн. Үүнээс гадна өнгөрсөн есдүгээр сарын дундуур нэгэн амралтын өдөр “Нэгдсэн Монгол хөдөлгөөн”-өөс зохион байгуулсан урлаг, спорт, соёлын арга хэмжээ Монгол шилтгээнд болсон.
Тэр арга хэмжээнд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гол үүрэгтэй оролцсон. Тэрээр арга хэмжээний тайзан дээрээс “Би 1000 найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Бидний удирдлагын систем бол Чингисийн мянгат, зуут, аравтын систем байх болно. Өнөөдөр мянган найзтай боллоо” гэж хэлсэн байдаг. Үүнийх нь дараа хэвлэлүүд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгдсэн Монгол хөдөлгөөн”-ийг байгууллаа” гэж мэдээлсэн юм.
Ийм байдлаар 2018 он гарснаас хойш МАН-д албан ёсны гурван ч том фракц мэндэлчихлээ гэж үзэж болохоор байна. Эдгээрээс гадна МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ ойрд хөдөлгөөнтэй байна. НАМЗХ-ны ерөнхийлөгчийг солих тухай нэлээд эрчимтэй яригдаж байна. Энэ бүр ажил хэрэг болоод эхэлсэн байна. Учир нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, түүний аав Ч.Ганзориг нартай холбоотой “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийсэн асуудал сөхөгөдөнө гэсэн мэдээлэл тараад байгаа. Мөн Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр”-ийг Стандарт банкинд барьцаалсан асуудлаар баривчлагдсан нь хүүгийнх нь улс төрийн карьерт ч нөлөөлж эхлэв бололтой. НАМЗХ-ны дараагийн ерөнхийлөгчид Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Учрал нар яригдаж байгаа юм байна.
Ажиглавал, тэдний үйл ажиллагаа, зорилго нь намын дотоод үйл ажиллагаа, зарим субьект руу чиглэж байна. Тэгэхээр энэ залуус намынхаа удирдлагуудыг амар суулгахгүй, нэг төрлийн хамгаалалт, эсвэл нуувч маягийн байгууллагатай болж байна гэсэн үг. Ингэж байж хаяанд ирсэн 2020 оны сонгуульд амжилт үзүүлнэ гэж төсөөлж байгаа аж. Шулуухан хэлэхэд, энэ бүхэн тэднийг ирэх сонгуульд бэлдэж байгааг бэлхнээ хэлээд өгч байна.
Хэрэв ингэхгүй бол МАН нь энэ царайгаараа 2020 онд ёстой “шалны алчуур” болно гэсэн прогноз газар авсан. Тийм учраас залуус нь энэ бүхнийг тооцоолоод “МАН” хэмээх аварга хөлөг онгоц 2020 оны сонгуулийн өмнө живсэн тохиолдолд үсрээд буучих “аврах завь” болгон дээрх “нэгдэл”-үүдийг бэлдсэн хэрэг юм. Харин тэднийг энэ завьнууд нь 2020 оны сонгуулиар живүүлчихгүй аваад гарчих эсэхийг хэн ч үл мэднэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир