Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хийж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай байхаар тооцож төсөлд тусгасныг онцоллоо.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс төсвийн орлогыг бодитой төлөвлөсөн эсэх, хил гаалиар нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг зөв тооцсон талаар илүүтэй тодруулж байв. Түүнчлэн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний талаар болон ипотекийн зээлд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөсөн эсэх, холбогдох журамд өөрчлөлт оруулж баталсаныг лавлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.