Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газраас 2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнө нь нэг ч төгрөг улсын төсвөөс төсөвлөдөггүй байсан бол ирэх жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мэт ядуурлыг бууруулах олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2016 онд ажилгүйдэл 10 хувьтай байсан бол 2018 онд 7,7 хувь болж буурсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банктай хамтран зургаан дэд төв байгуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дурдаад, нийслэлийн Баянхошуу, Дамбардаржаа хэсэгт орон сууц барих дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд байгааг дурдав. Мөн ипотекийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг боловсруулаад Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авахаар хүргүүлээд байгаагаа хариултдаа онцоллоо.
2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд улсын төсвөөс115 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.