Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр/ХХААХҮ/-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нарыг өөрийн хамаарал бүхий компанидаа 4,5 тэрбум төгрөгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн санхүүжилт олгосон гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 сая, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 сая төгрөгийг тус тус авсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос тодрууллаа.

-Таны хамаарал бүхий компани 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг мэдээлэл гараад байна. Ингэхдээ өөрийн эхнэрийн нэр дээрх компанид 1,4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж байна?

-Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг.

–Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийг гишүүдийн танил тал, болон албан тушаалтай хүмүүст өөрсдийнхөө хамаарал бүхий компаниуд авдаг гэсэн хардлага нийгэмд байдаг. Танаас гадна гурван ч УИХ-ын гишүүний нэр энэ асуудалд холбогдсон байна?

-Би бол мэдэхгүй юм байна. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Барьцаагүй, баталгаагүй хүн энэ зээлийг авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулаад ороод ирсэн бол ямар ч компани хамрагдах бүрэн боломжтой.

-Салбарын яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-2016 оны сонгуулиар МАН жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн орлого, иргэдийг орлоготой болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар олгож байгаа зээл бол маш зөв. Өнгөрсөн жил 70 орчим тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Иргэд, аж ахуйн нэгжид олгосон. 1000 гаруй компаниас 800 орчим тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Харамсалтай нь, төсвийнхөө хүрээнд л зээл олгосон. Энэ сангаас зээл авсан компаниуд маш хариуцлагатай, маш сайн төлдөг. Энэ бол иргэдээ ажилтай, орлоготой болгох бодлогын зээл. Цаашдаа ч Засгийн газар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

Эх сурвалж: news.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн