Интерпол байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний эхнэр түүнийг амьд байгаа эсэхэд маш их эргэлзэж байна гэж BBC агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Интерпол байгууллагын ерөнхийлөгч, БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлыг хангах яамны дэд сайдаар ажиллаж байсан Мэн Хунвэй гэгч энэ оны 9 дүгээр сард Хятад улсыг зорьсон боловч сураг тасарч, гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй болжээ.
Харин удалгүй Хятадын эрх баригчдын зүгээс түүнийг баривчилсан тухай мэдээлсэн бөгөөд түүний эхнэр Грэйс Мэн уг асуудлыг улс төрийн мөрдлөг байж болзошгүй, бас түүнийг амьд байгаа эсэхэд нь маш их эргэлзэж байгаа тухайгаа хэлжээ.
Мөн түүний эхнэрийг бүлэг этгээдүүд Францад эрэн сурвалжилж буйг нэгэн үл мэдэгдэх хүн хэлж, анхааруулжээ. Хятадын эрх баригчид энэ оны 10 дугаар сарын 7-нд 64 настай Мэн Хунвэйг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр баривчилсан тухай мэдээлж, түүнийг хаана байгааг болон бусад мэдээллийг хэлээгүй ажээ.
2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр түүнийг авлига болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж мэдээлжээ. Түүнийг болон хэрэгт холбогдсон бусад этгээдүүдийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулсан талаар Хятадын Коммунист намын хорооноос мэдээлсэн байна.