Үндэсний аудитын газар өнөөдөр (2018.10.23) агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Цэвэр агаар” сан болон бусад байгууллагуудын 2008-2016 онд хийсэн ажилд аудит хийсэн мэдээллээ танилцууллаа.
Аудитыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 2 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 А40 дүгээр тушаалыг үндэслэн Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. Аудитыг Гүйцэтгэлийн аудитын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Л.Одгэрэл удирдан 2018 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 чиглэлээр хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
1/ Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, эрх зүйн орчин уялдаатай байсан уу?
2/ Агаарын бохирдлыг бууруулах ажиллагааг зохистой төлөвлөж хэрэгжүүлсэн эсэх
3/ Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үр дүн
УИХ-аас 1995 онд Агаарын тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн бөгөөд 2010, 2012 онд шинэчлэн баталж, 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд УИХ-аас 26, Засгийн газраас 24 тогтоол гаргаж баталсан байдаг ч 1995 оноос хойш гарсан хууль, шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, энэ үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадалгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Үүнийг өнөөдөр Үндэсний аудитын газраас мэдээлсэн тайлангаас харж болно. Юун түрүүнд агаарын бохирдлыг бууруулахад хэчнээн төгрөгийг зарцуулсаныг авч үзье.
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан зардлууд
2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна. Үндсэндээ агаарын бохирдол найман жилд 64 тэрбум төгрөг, 153 сая ам.долларыг Монгол Улсын төсөв болон зээл тусламж, зээлийг залгисан гэсэн үг юм.
Нийт зардлын 26 хувийг үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулах, түүнийг өргөжүүлэхэд, 22 хувийг сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад, 14 хувийг нам даралтын зууханд шинэлчлэл хийхэд, 10.9 хувийг сайржуулсан түлш болон агуулахын зардалд гэх мэт бусад зардалд зарцуулсан байна. Тэгвэл эдгээр санхүүжилтээр хийгдсэн ажлууд хэр үр дүнтэй хэрэгжсэн бэ гэдгийг харъя.
Агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн үр дүн
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүй, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлттэй харьцуулсан үнэлгээ хийгээгүйгээс агаарын бохирдол өнөөдрийн байдлаар дорвитой, илт мэдрэгдэхүйц буураагүй гэж дүгнэв. Энэхүү дүгнэлтийг илүү тодорхой дурдъя.
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэн дүгнэж үзэхэд:
-Олон төрлийн сайжруулсан зуухыг айл өрхийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулаагүй.
-Зуухыг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн боловч технологийн дагуу ашиглаагүй. Одоогийн байдлаар эдгээр зуухууд элэгдэлд орж, ердийн галлагаатай зуухны ижил үүргийг гүйцэтгэх болсон байна.
-Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 14 аж ахуйн нэгжид 70580 тн түлш нийлүүлэх гэрээ байгуулсан боловч үйлдвэрлэгчид 22.4 хувийг л нийлүүлсэн байна. Энэ нь тухайн үйлдвэрлэгчийн хүчин чадлыг тооцоогүйтэй холбоотой.
-ДЦС-ын хоёр компанийг түшиглэн 210 мянган тн хагас коксжсон нүүрс, шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан боловч ажиллаагүй.
-Сайжруулсан түлшний хэрэглээг хангахуйцаар нийлүүлээгүйгээс агаарын бохирдолд нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадаагүй.
-Нийслэлийн айл өрхүүдэд мөн гэрийн дулаалгыг хөнгөлөлттэй үнээр худалдан нийлүүлсэн боловч энэхүү ажлын үр дүн нь тодорхойгүй, дулаалгын ашиглалтын хугацааг тогтоогоогүй, зорилтот айл өрхөд нийлүүлэгдэн ашиглагдаж байгаа эсэх нь тодорхойгүй, үүнд хяналт тавьж ажиллаагүй байна.
-Шөнийн тарифыг хөнгөлсөн боловч ердийн зуухны галлагааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлсөн эсэх талаар тооцоо судалгаа байхгүй.
-Нийслэлийн зарим нам даралтын уурын зуухыг татан буулгаж, төвлөрсөн дулааны шугамд холбосноос өөрөөр хорт утааны ялгаруулалтыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ хийгдээгүй.
-Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн утааг бууруулах чиглэлээр төсвөөс 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч зарим төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар олгоогүй, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй.
-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээн дэх тооцоо судалгаа хийгдээгүй, хэрэгжилтийн үр дүнд орон сууцанд хамрагдсан айл өрх бодит байдал дээрээ орон сууцандаа амьдарч буй болон яндангийн тоо буурсан эсэх талаар судалгаа байхгүй, эдгээрийг зохицуулсан эрх зүйн орчин өнөөдрийн байдлаар байхгүй байна.
Түлш, зуух зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ зөвхөн лабораторийн шинжилгээ хийгдсэнээр үр дүнг тооцсон бөгөөд бодит амьдралд айл өрхөд туршиж үзээд хэрэглээнд хэрхэн тохирч байгаа эсэхийг дүгнэж тооцоогүй гэдгийг аудитор мэдээллийн үеэр Л.Одгэрэл дурдлаа.
Энэхүү тайлангаас үзэхэд, өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажил нэр төдий явж ирснийг харуулахаас гадна ямар ч бодит тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийгдээгүйгээс гадна хариуцлагын тогтолцоо огт хэрэгжиж ирээгүй байна. Зарим асуудалтай холбоотой эрх зүйн орчин ч бүрдээгүйгээс хариуцлагын асуудалд ор тас хаягдаж ирсэн бололтой.
Хамгийн сонирхолтой нь бид өнөөдөр зөвхөн PM-ын үзүүлэлтийг хамгийн их ярьдаг бол хүний биед хортой өөр хүнд металлыг огт хэмждэггүй талаар аудитор Л.Одгэрэл мэдээллээ.
Манай стандарт олон улсын стандартаас хол зөрүүтэй
Манай улсад агаарын чанарыг 6 үзүүлэлтээр хэмждэг ч хүний биед хамгийн их хорт нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй байна. Манай улс агаарын чанарын стандарт болгосон зарим үзүүлэлт нь олон улсын чанарын стандартаас хол зөрүүтэй аж. Тоног төхөөрөмжийн хувьд ч хүнд металлыг хэмжигч байхгүй, агаарын бохирдлыг хэмжигч техник хэрэгслүүдийн ашиглалтын хугацаа нь дууссан, хэрэгцээ хүрэлцээ муутай, цөөн байрлалд хэмжилт хийж байгаа нь агаарын бохирдлын идэвхижил ихтэй бүсийн бохирдлын хэмжээг бүрэн гүйцэт, үнэн зөв тодорхойлж чадахгүйд хүргэдэг байна.
Төрийн аудитын байгууллагаас аудитын дээрх дүн, дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, БОАЖ-ын сайд, Сангийн сайд нарт зөвлөмж өгсөн бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өсөн нэмэгдэж буй орчны бохирдлыг царцаах буюу бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгчээ.
Мөн дээрх дүгнэлттэй холбоотойгоор зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргад албан шаардлага өгч, зарим аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн тоо 2016 оноос хойш улам бүр нэмэгдсэн. Тоон үзүүлэлтээр 1.4 дахин нэмэгдээд байгаа юм.
Я.ХУЛАН
2 comments
Хамгийн зөв шийдэл бүх дээд сургуулиудыг. нэлээд үйлдвэрүүдтэй Багануур, Налайх Хөшигтийн хөндийн шинэ хотод гаргах хэрэгтэй. Бээжин 5000 гаруй үйлдвэр хэдэн зуун захаа хотоосоо гаргасан бна. гэр хороолол ийм хэмжээнд байх ёсгүй орон ш дээ. оюутан дагаж байрлаж байгаа 120000 айл байдаг гэсэн судалгаа бий. орон нутгийн засаг захиргааг өөрчилж 10 том аймаг болгоод 50 -150 мн хүнтэй хотууд болговол нүүдэл байхгүй болж, харин нийслэл д 800000 хүн л үлдэнэ. бүх шинэ төлөвлөж буй үйлдвэрүүд Бор-Өндөр, Улиастай Баянхонгор Чойбалсан Ховд зэрэгт төлөвлөх хэрэгтэй.
АРДЧИЛСАН НАМ ЗАСАГ БАРИХ УЕЭР МУ-ЫН ЕРОНХИЙЛОГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС «УТААГ БУУРУУЛАХ ТОСОЛ ХЭРЭГЖУУЛЭЭД ОДОН ТЭРБУМ МОНГО ЗАРЦУУЛСАН БАЙДАГ.УУНИЙГ ШАЛГАХ ГАЗАР БАЙНА УУ?