Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр болж байна. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.