Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлсэн. Цэвэрлэгээнд 3497 ажилтан, албан хаагч оролцож, 388417 ам метр хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, үерийн далан шуудуун хогийг цэвэрлэлээ. Иргэд аж ахуйн нэгжүүд сайн оролцсон. Хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй рекламны самбар дүүргүүдэд их байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх байдал нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа автомашин ашиглан худалдаа эрхлэх явдал ихэсч байгааг зохих байгууллага албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Автобусны буудлуудын зогсоолуудыг эзэлж хууль бусаар таксийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээний хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, зөрчлүүдийг бүртгэж, хариуцлага тооцох ажил сайн явж байна” гэлээ.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдал өмнөх 14 хоногтой харьцуулахад 2128 нэгж буюу 16.9 хувиар буурсан. 2079 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 182 нэгж буюу 8 хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байна. Мөн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй 2076 хүнийг эрүүлжүүлж, захиргааны зөрчил гаргасан 5108 иргэн, 11 аж ахуйн нэгжийг 36.1 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3327 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 105, зөрчлийн шинжтэй 1263 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1368 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн боловсролын газартай хамтран 2 сарын хугацаатай “Хүүхэд – Аюулгүй орчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дэд хурандаа Эрдэнэбат хэллээ.
НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээгээр нийслэл хот орчим хуурайшилтын эрсдэлийн “Аюултай” зэрэгт байгааг анхааруулж байна. Хуурайшилтын улиралд эхэлж байгаа тул нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн, аялал зугаалгаар явж буй иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч байгаль хамгаалагчдын бэлтгэл бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна. Үүнд дүүргүүд онцгой анхаарах шаардлагатай” гэв.
“Үерийн далан суваг дээр рекламын байгууламжуудыг суурилуулсан байгаа нь үерийн хамгаалалтын байгууламжийг эвдлэх, засвар үйлчилгээ хийх нөхцлийг алдагдуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17, А/18, А/19 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын бохирдлоор 346 улсын /ахлах/ байцаагчид 2.808 иргэн, аж ахуй нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 2.143 мэдэгдэх хуудас, 51 зөвлөмж, 46 албан шаардлага, 16 акт, 7.6 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, 137 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 20 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулж ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргаж байна. 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ” гээд хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргүүд, холбогдох байгууллагууд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллах, хаврын тохижилт, тэмдэг тэмдэглэгээг сэргээх сайжруулах, дүүргээс олгож байгаа зөвшөөрөлд Засаг дарга нар анхаарлаа хандуулах, томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийг өөрчлөх талаар судалж танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
4itkPj http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com