Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 12-ыг нь эх орондоо эмчилдэг болсон. Энэ хүрээнд 27 эмч ОХУ-ыг зорилоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ОХУ-д эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагчдыг сургах чиглэлд онцгойлон анхаарч байгаа.
Өнгөрсөн хугацаанд Москва хотын эх хүүхдийн үндэсний хүрээлэнд 59 мэргэжилтэн сураад ирсэн. Одоогоор зургаан хүн тэнд үргэлжлүүлэн сурч байгаа. Өнөөдөр 27 хүн сурахаар явах гэж байна. Үүний 15 нь Москвад 12 нь Санкт-Петербург хотод суралцах юм. Санкт-Петербург хотод хүүхдийн халдварт өвчний чиглэл, сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэлтийн чиглэлээр суралцах бол Москвад эх барих нялхсын чиглэлээр суралцана” гэлээ.
Сонгогдсон мэргэжилтнүүдийн хувьд тухайн салбар бүртээ амжилт гаргасан, шинэ техник технологитой танилцах, туршлагаа хуваалцах ур чадвартай мэргэжилтнүүд юм. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээгээр хийгдэж байгаа тул бүх зардал ОХУ-аас гарч байгаа. Эх орондоо эмчлэгдэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэхүү сургалтын санхүүжилтийг зориулж байгаа гэдгийг онцлов.
Эх сурвалж: ЭМЯ