Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2010 оноос асар хурдацтай нэмэгдсээр байна. Өнгөрсөн хугацаанд нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны улмаас байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй, ноцтой нөлөөллүүд үүсч буйг орон нутгийн иргэд, удирдлага, олон улсын болон үндэсний байгууллагууд, судлаачид баримтад үндэслэн анхааруулж ирсэн билээ. 2016 оны 2 дугаар сараас нүүрсний үнэ огцом өсч, нүүрсний экспортын хэмжээ хурдацтай нэмэгдэв.
Үүнийг даган үүссэн бэрхшээл бол зам тээврийн осол. 260 км замд 12 мянган машин уралдан явж, замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол аваар гарах нь илт элбэгшсэн. Ослын сургаар компаниуд зам тавихаар амлалт үүрэг авсан ч ажил нь төдийлөн урагшлахгүй байгаа юм. Ослын мэдээллийг авч үзэхэд, 2016-2017 оны хооронд Тавантолгой – Гашуунсухайтын замд нийт 1,500 гаруй осол гарч, олон арван хүн бэртэж гэмтэн, 10 гаруй хүн нас баржээ. Дунджаар тооцвол өдөрт 4-5 осол гарч, сар болгон 1 хүний эрдэнэт амь хохирсон гэсэн үг юм.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл уурхайн орчинтой ижил түвшинд болсон хэдий ч Цагаан хадны нүүрс дамжуулан буулгах газруудын байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, агаарын чанар, хөрс, усны бохирдлын хяналт шинжилгээ огт хийгдэлгүйгээр үргэлжилсээр байна. Энэ бүс цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хэвээр байна. Цагаан хадны бүсэд төлөвлөлт огт хийгдэлгүйгээр байшин, гэрүүд баригдсан, тус бүртээ зөөврийн цахилгаан үүсгүүр, зуух хэрэглэдэг учраас гал түймэр гарах эрсдэл ихтэй байна. Мөн энэ бүс нь хөрсний эвдрэл элэгдэл ихтэй, хотгор газар учраас бороо хур ихээр ороход үерт автах өндөр эрсдэлтэй.
Замын хөдөлгөөний хяналт болон Цагаан хадны гаалийн бүсийн хэв журмыг сахиулахад цагдаагийн тасгийн хүний нөөц, санхүүжилт, техник хэрэгсэл хүрэлцдэггүй байна. Цагаан хадны бүсэд эмч ажилладаггүй. Цагаан хадны бүсэд ажиллаж, амьдарч буй иргэдийн хүүхдүүд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой үр дагавар бүхий орчны бохирдолтой, замын хөдөлгөөний аюул дунд байгаа юм.
Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, улмаар дээрх эрхийн зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байна гэсэн дүгнэлтүүдийг судлаачид хийжээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швед Улсын Байгаль орчны агентлагийндэмжлэгтэйгээр “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г Бодлогын Инновацийн Хүрээлэнгээр хийлгүүлсэн юм. Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг танилцуулах олон талт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн төвд, 19-нд Цогтцэций суманд танилцуулга, сургалтыг тус тус зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийн үед энэ асуудлаар үнэлгээ гаргах шаардлагатай гэж үзсэн бөгөөд үнэлгээнд зөвлөмж, санал авах Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсэгт холбогдох яамд, төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, судалгаанд тулгуурлан нэгдсэн Зөвлөмж боловсруулан батлах гэнэ.
Б.БОЛОР