Орчин цагийн хүчирхэг армитай байна гэдэг улсын төсвөөс жил бүр асар их хэмжээний мөнгө зарцуулдаг нэлээд үнэтэй зугаацал цэнгэл юм. Улс орнууд жил бүрийн цэргийн хэрэгцээнд их наяд гаруй доллар зарцуулдаг бөгөөд энэ тоо жил ирэх бүр өсөх төлөвтэй байна. Учир нь жижиг улсууд ч цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин үеийн армитай болохыг эрмэлздэг болжээ. Зарим улс орнуудын төр засаг тэр ч бүү хэл цэргийн зардалдаа эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн зардлаасаа ч илүү төсөв гаргадаг байна.
2017 оны байдлаар дэлхий дахинаа цэргийн нийт зардалд 1,739 их наяд доллар гаргасан нь хүйтэн дайн төгссөнөөс хойших дээд амжилт болжээ. Мэдээж энэхүү уралдаанд АНУ тэргүүлэх нь ойлгомжтой. Тус улс есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш терроризмтэй тэмцэх ажиллагаанд мөнгө зарцуулах нь нэмэгджээ. Ингээд 2002-2017 онд АНУ эрх мэдэлгүй төсөв (хуульд заагдаагүй төсөв)-ийнхөө 16 орчим хувийг буюу 2,8 их наяд долларыг армидаа зарцуулсан байна. АНУ-ын цэргийн зардалтай бусад улс орнууд яагаад ч өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл дэлхийн нэг ч улс одоогоор Америкийн цэргийн жилийн төсөв буюу 610 тэрбум долларын зардлын талд нь ч хүрч чадаагүй байна.
Дэлхийн цэргийн зардлыг өсгөхийг хамгийн ихээр дэмждэг хүний нэг бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп юм. Долдугаар сард тэрбээр Европоор айлчлалх хийх үеэрээ НАТО-гийн гишүүн орнуудыг цэргийн зардлаа ДНБ-ий 2-4 хувьд болгон өсгөхийг уриалж байлаа. Америкийн Ерөнхийлөгч НАТО дотроо АНУ л ганцаараа цэргийн зардлаа тогтмол нэмэгдүүлж, холбоотнууд нь энэ асуудалд огт хөдлөхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. 2017 оны байдлаар дэлхийн 29 улс багтдаг НАТО-гийн цэргийн төсөв 946 тэрбум доллар болсон нь дөрөв дэх жилдээ дараалан өссөн үзүүлэлт. Трамп цэргийн зардлыг бууруулах шаардлагатай гэдгээ алан хядах ажиллагаатай тэмцэх, батлан хамгаалах чадавхийг бүхэлд нь сайжруулах гэсэнтэй холбоотой гэжээ.
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий
Ихэнх хөгжингүй орнууд, тэр дундаа АНУ 1980-аад оны сүүлчээс эхлэн эдийн засагт үзүүлэх цэргийн зардлынхаа ачааллыг бууруулсаар иржээ. Тухайлбал их долоогийн орнуудын үндэсний батлан хамгаалахын зардлыг 1988 оныхыг 2017 онтой харьцуулахад ДНБ-ий 3 хувиас 1,8 хувь болон буурчээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг саяхан Трампын цэргийн зардлаа хоёр дахин нэмэгдүүлэх уриалгад хариу өгч, одоохондоо зөвхөн ДНБ-ий 2 хувьд л хүргэх зорилт тавьж байна гэжээ. Альянсын орнууд тэр бүү хэл 2024 он гэхэд энэ хэмжээнд хүрэх үүрэг хүлээсэн тунхаг бичиг хүртэл байгуулсан юм.
Европ дотроо Франц улс 2017 онд цэргийн зардлаараа тэргүүлж байна. Тус улс 57,8 тэрбум долларыг цэргийн зардалдаа гаргасан нь ДНБ-ий 2,3 хувь нь гэсэн үг. Хоёрдугаарт Их Британи улс 47,2 тэрбум доллар буюу ДНБ-ий 1,8 хувиар бичигдэж байгаа бол араас нь Герман улс 44,3 тэрбум доллар буюу ДНБ-ий 1,2 хувийг зарцуулснаараа оржээ.
Яг ийм хэмжээний батлан хамгаалахын зардлыг “Их долоо”-гийн Ази дахь цорын ганц төлөөлөгч гаргасан байна. Энэ бол Япон улс. Тус улс жилд 45,4 тэрбум доллар зарцуулсан нь ДНБ-ийх нь нэг орчим хувь гэсэн үг. G-7-гийн орнуудаас бусад нь буюу Итали, Канад улс цэргийн зардлаа эхний 10-т орж чаддаггүй. Эдгээр улс 29,2 мөн 20,6 тэрбум доллар тус тус зарцуулжээ. Гэхдээ ДНБ-д нь эзлэх хувь бага боловч “Их долоо”-гийн орнуудын цэргийн нийт зардал дэлхийн 2017 оны цэргийн нийт зардлын 49 хувийг эзэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлийн долоохон орон дэлхийн цэргийн зардлын бараг тал хувийг дангаараа эзэлдэг гэсэн үг.
Тэдний араас хэн орох вэ?
Сүүлийн 10 жилд Африк, Өмнөд Америкт цэргийн салбартаа зарцуулах зардал өсөх хандлага ажиглагдах болжээ. 2008 оноос хойш энэ салбарт эдгээр тивүүдэд хөрөнгө оруулалт нь өсөх хандлагатай байна. Латин Америкт л гэхэд цэргийн салбарын санхүүжилт 17 хувиар, Африкт 28 хувиар өсчээ.
Бразил улс л гэхэд 29,3 тэрбум долларын батлан хамгаалахын зардалтай. Гэхдээ хамгийн их зардал гаргадаг эхний 10 улсын тоонд багтаж чаддаггүй. Тус улс 2008-2017 онд ДНБ-ийнхээ 1,4 хувийг л батлан хамгаалах салбартаа зарцуулжээ.
Хоёр тивийн цэргийн зардал 2017 оны байдлаар нийлээд дэлхийн нийт цэргийн зардлын 16 хувьд л хүрч байна.
Ази тивд ямар байна вэ?
Ази тив дотроо 2017 оны байдлаар цэргийн зардлаараа топ-10 улсын тоонд Хятад, Саудын Араб, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос орж байна.
175 тэрбум долларын цэргийн төсөвтэй Хятадын хувьд цэргийн хамтарсан зардал нь 228 тэрбум доллар байна. Тус улс 2010 онд үндэсний батлан хамгаалах салбартаа ердөө л 138 тэрбумыг зарцуулдаг байв. Түүнчлэн Хятадын арми зэвсэгт хүчний бүрэлдэхүүний тоогоороо 100 мянган энгийн иргэн тутамд 2333 гэдгээрээ нэгдүгээр байрт ордог.
Азийн орнуудаас Саудын Араб ДНБ-ий 10 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдгаараа онцгой ялгардаг. Гэхдээ дэлхийн нефтийн үнийн уналтаас болж тус улс зардлаа 90 тэрбумаас 63 тэрбум болгон бууруулахаас өөр аргагүй болжээ. Энэтхэг улс цэргийн хүчээ ч нэмэгдүүлж, өнгөрсөн жил ДНБ-ий 5,5 хувьд буюу 66,3 тэрбумд хүргэсэн байна.
Хойд хөрш Оросын тухайд ДНБ-ий 4,3 хувь буюу 66,3 тэрбум долларын зардал гаргаснаараа дэлхийд дөрөвдүгээр байрт бичигдэж байна.