Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2018.10.21) Бельгийн Брюссель хотоос Швейцарын холбооны улсын Женев хотод ирлээ. Энд Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох аж. Ерөнхийлөгч Х.Баттулга Женев хотод Цюрих, Парис болон Европын бусад хотод оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, нээлттэй ярилцсан байна.
Швейцарт 1500 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг аж. Европт амьдарч байгаа иргэд Монгол Улсдаа эргэж очихыг хүсдэг ч ажлын байр хангалтгүй, цалин орлого муу учраас ирж зүрхэлдэггүй талаараа ам нээжээ. Мөн иргэд нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж, УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж, хүнсний аюулгүй байдал, авлига гэх мэт олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авчээа.
Европт байгаа монголчууд Монгол Улсад амьдрах орчин баталгаагүй, шударга бус байдал газар авч, авлига их байгаа зэрэгт ихээхэн санаа зовдог талаараа ярьцгаасан байна. Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцлоо.