Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2017 онд тушаал гаргаж, хуурамч шатахууныг судлах ажлын хэсэг байгуулжээ. Энэ ажлын хэсэг хуурамч шатахууныг илрүүлэх шалгалтыг таван аж ахуй нэгж дээр явуулсан байна. Үүнд “Эрдэнэт” хотод үйл ажиллагаа явуулдаг “Петролеум продакшн”, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ай Си Ай Си”, “Транс”, “Алтан оршихуй” компаниуд хамрагджээ. Шалгалтын талаар зургаан чиглэлийн дүгнэлт гарсан байна. Лабораторийн шинжилгээгээр хоёр, гурван төрлийн стандартын шаардлагад хүрэхгүй байна гэж дүгнэсэн гэнэ.
Ажлын хэсгийн дүгнэлт 2018 оны зургадугаар сард гарсан гэж Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр (2018.10.17) УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдэв. Мөн дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах бэлтгэл хангагдсан гэлээ. Бараг хагас жил орчмын өмнө хийгдсэн шалгалтын дүн гараад удаж байгаа ч яагаад бүтэн дөрвөн сар Сайдын зөвлөлд болон бусад шаардлагатай газруудад танилцуулагдаагүй вэ гэдэг талаараа харин яамны эрх бүхий албан тушаалтан ямар нэгэн тайлбар хийсэнгүй.