“Роснефть”-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчид Монголд айлчилж, тэднийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзсан нь Монголын нефтийн зах зээлийн хамгийн том нийлүүлэгч ОХУ-ын энэ компани дотоодын зах зээлд албан ёсоор орж ирэх нь гэсэн яриаг даамжруулж байв. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь импортоор авдаг.
Үүний 94 хувь нь ОХУ-аас нийлүүлэгддэг юм. Өнөөдөр (2018.10.17) болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийж, энэ тухай асуултад хариуллаа. Энэ үеэрээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж буй дээрх мэдээлэл үндэслэлгүй. Монгол Улсад “Роснефть”-ийн салбар орж ирнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна гэж мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар манай улс 107 мянган тонн шатахууны нөөцтэй байгаа аж. Энэ нь улсын болон хувийн салбаруудын нийт нөөц юм байна.
Д.Сумъяабазар:
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн нь манай улсын жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлж байна. Газрын тосны бүтээгдэхүүний дундаж үнэ 2016 онд сүүлийн 10 жилд байгаагүй доод хэмжээнд хүрч, 43,55 ам.доллар байсан. Үүнээс хойш тасралтгүй өсч байгаа. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард нэг баррель нефть 69,18 ам.доллар байсан. Одоогийн байдлаар нэг баррель нефтийн үнэ дунджаар 24,7 хувиар өссөн. Энэ аравдугаар сард нэг баррель нефть 80-87 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа.
Цаашид газрын тосны олборлолт, дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас хамаарч арваннэгдүгээр сард өсөх, хэлбэлзэх төлөв харагдаж байна. Шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас татварын бодлогын арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны импортын татварын хэмжээг 2017 оны долоо, арваннэгдүгээр сард нэмэгдүүлсэн. Үүнээс хамаарч шатахууны жижиглэнгийн үнэд огцом нөлөөлсөн.
Иймд 2018 оны нэгдүгээр сард А80, А-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Энэ нь жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг саармагжуулсан. Одоогоор нэмэлт зохицуулалт хийгээгүй. Жил бүрийн 10 сараас дизель түлш өвлийн түлш рүү шилжихтэй холбоотойгоор импортын үнэ тонн тутамд 50 ам.доллараар өсдөг. Буцаад дөрөвдүгээр сард зуны түлш рүү шилжихээр 50 ам.доллараар буурна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 45-85 ам.доллар өсөх статистик судалгаа гарч байна” гэв.
1 comment
угаасаа л Гадны Улс орнуудад Нефтын үнэ өсөөгүй байхад наад Шатахуун ипортлогчид чинь Шуналаа автаж өсгөөд л зарж байдаг биз дээ Наад Шуналтангууд чинь Ард иргэд ээ Шатахууны үнээр Дарамталж байнаа гэдэг чинь цаанаа бол Улс орноо үгүй хийж байнаа л гэсэн үг ш дээ