ХДХВ буюу ДОХ-ын халдвартай ээж төрсөн хүүхэддээ элгээ хандивласан анхны тохиолдол дэлхийн анагаах ухаанд бүртгэгдлээ. Энэ өгүүлбэр мэдээж олон хүний гайхлыг төрүүлэх нь дамжиггүй. Ээж нь ДОХ-ын халдвартай. Тэгэхээр хүүхэд нь бас халдвартай гэсэн үг үү.
Тэгээд халдвартай эх нь халдвартай хүүхэддээ элгээ хандивласан хэрэг үү гээд л олон асуулт хөвөрнө. Гэвч ХДХВ-ын халдвартай эхээс эрүүл хүүхэд төрсөн хангалттай олон тохиолдлыг дурдаж болно. Учир нь ХДХВ-ын халдвар авах, уг өвчнөөр өвчлөх хоёр нь хоорондоо ялгаатай ойлголт юм.
Халдвар авсан гэдэг нь уг өвчний вирсусыг халдсан хэдий ч дархлаа нь гэмтэж, амь насанд халтай өвчлөлийн хэмжээнд хүрээгүй гэсэн үг. Сүүлийн жилүүдэд ийм халдвартай атлаа эсэн мэнд аж төрж байгаа эхчүүдээс эрүүл хүүхдүүд төрөх нь хэвийн үзэгдэл болсон билээ. Үүнд мэдээж уг өвчний эсрэг эм, тариа өндөр түвшинд хөгжиж, боловсронгуй болсон нь нөлөөлж байгааг ч хэлэх хэрэгтэй.
Тэгвэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэн ХДХВ-ын халдвартай нэгэн эмэгтэй өөрөөс нь төрсөн халдваргүй, эрүүл хүүхэддээ элэгний донор болсон явдал олны анхаарлыг ихээр татлаа. Дөнгөж нэг ой хүрсэн жоохон охин эцсийн шатандаа орсон элэгний хүнд өвчтэй тул тус улсын Дональд Гордоны нэрэмжит эрүүл мэндийн төвийн эмч нар удаан судалж, тооцоолсны эцэст хамгийн үр дүнтэй аргыг олсон нь энэ аж.
Эмч нар эхлээд хоёр ч эрүүл донорыг олсон боловч тэдгээр доноруудын элэг бяцхан охины биед тохиромжгүй гэсэн шинжилгээний хариу гарчээ. Ингээд эцсийн шатны арга хэмжээ нь ДОХ-ын халдвартай боловч эсэн мэнд аж төрж байгаа төрсөн эхийнх нь элгийг шилжүүлэн суулгах хэмээн үзжээ. Хэдийгээр дэлхийн зарим хэвлэлүүдээр охинд элэг шилжүүлэн сулгах хагалгаа хараахан хийгдээгүй, бэлтгэл ажил явагдаж байна гэж байгаа ч Өмнөд Африкийн нэгэн чөлөөт хэвлэлд “Хагалгаа бүр өнгөрсөн жил хийгдчихсэнийг эмч нар өнөөдрийг хүртэл нууцалж байна.
Хоёр нас хүрсэн охин одоо амьд сэрүүн байгаа” хэмээн бичжээ. Ийм зөрүүтэй мэдээлэл цацагдсан ч энэ явдал дэлхийн анагаах ухаанд анхны тохиолдол болон бүртгэгдэж байна. Үүнээс өмнө ДОХ-ын халдвартай атлаа өвчлөөгүй хүмүүс өөрийн эрхтэнээ хандивладаг байсан ч тэдгээрийн алиныг нь ч амьд хүнд шилжүүлэн суулгаж байгаагүй юм. Халдвартай доноруудын сайн дураараа хандивласан эрхтэнг зөвхөн анагаах ухааны судалгаа шинжилгээний зорилгоор ашигласаар иржээ.
Эх сурвалж: CNN, Google