Иргэдийн банкны цахим картыг ашиглан мөнгө завшсан гэмт хэрэг ихсэх хандлагатай болж байна. Төрийн ордны хажууд байрлах франц ресторанд ажилладаг зөөгчид бүлэглэн үйлчлүүлэгчдийнхээ картаас их хэмжээний мөнгө авсан тохиолдол энэ төрлийн гэмт хэргийн хамгийн сүүлчийн баримт болов.
Зөөгчид e-Pos төхөөрөмж ашиглан 19 иргэнээс 6 сая төгрөг авчээ. Ингэхэд банкны цахим картын нууцлал задарч, цахим картаас мөнгө алдагдсан хэрэгт хэн буруутай вэ?
Ихэнх иргэд өдөр тутам, цаг үргэлж цахим картаараа төлбөрийн үйлчилгээ хийлгэж байгаагаа мартдаг. Тэдний хэнэггүй, хайнга зан өөрийг нь хааш хөтөлдөг вэ?
АТМ-аас мөнгө авах, үлдэгдэл шалгах, шилжүүлэг хийх, Шатахуун түгээх станц ч юм уу, аль нэг үйлчилгээний газруудаар үйлчлүүлээд гарахдаа Та хэдийнэ олон хамтрагч, туслахуудтай болчихсон байдаг. Гэвч ихэнх хүмүүс энэ тохиолдол бүрт бэлэн мөнгөний картын пин кодоо нууцлах ёстой гэдгээ мэддэггүй.
Дэлгүүр, үйлчилгээний газрын ажилчид пин кодыг ёс юм шиг дахин дахин асуухад, үйлчлүүлэгчид ч нууц дугаараа чангаар давтан хэлэх нь энгийн үзэгдэл болсон. Ийм тохиолдол бүрт Та хэн нэгэнд мөнгөний авдараа нээж байна гэсэн үг. Нууц дугаарын үл нууцлал ийн хулгайлагдаж, Та мөнгөө алдаж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй нүүр тулахад бэлэн болно.
Цахим банк явдал чирэгдэл багатай, их хэмжээний бэлэн мөнгө авч яваад гээх гэх мэт эрсдэлээс сэргийлэх эерэг талтай ч техник технологийн хөгжилтэй зэрэгцэн хүмүүс өөрсдөө бас хөгжих хэрэгтэйг энэ жишээ харуулах аж.
Банк харилцагчиддаа бэлэн мөнгөний цахим карт олгохдоо “Бусдад дамжуулахыг хориглоно” гэж хатуу сануулдаг. Энэ нь мөнгөний авдарын чинь түлхүүр зөвхөн Танд байх ёстой шүү гэсэн үг. “Хүнд хэлэхгүй нууцаа хүнд хэлэхгүйн тулд хүнд битгий хэлээрэй гэж хэнд ч битгий хэлээрэй” гэсэн өвөрмөц хэлц бий. Энэ бол Таныг эрсдлээс хамгаалах хамгийн зөв сонголт байх болно.
Я.Хулан