АНУ-ын Хуурай замын цэрэг нь өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл хугацаанд иргэний харьяалал түргэн авах маралтаар албанд элссэн 502 цагаачыг халсныг сэтгүүлчийн эрэн сурвалжлах ажлын хүрээнд тогтоолоо хэмээн “Associated press” агентлаг уламжлав.
Мөн хуурай замын цэрэгт 2016 оноос АНУ-ын үндэсний эрх ашигт амин чухал мэдлэг, эсвэл мэргэшилтэй хүмүүсийг элсүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээ түр зогсоосон аж. АНУ-ын Зэвсэгт хүчний уг хөтөлбөрийг сонирхсон гадаадын иргэд зохих шалгуур давахгүй байж болзошгүй гэсэн болгоомжлолд үндэслэн тийм шийдвэр гаргасан гэнэ. Шинээр элсэгчдэд шалтгааныг нь тайлбарлалгүйгээр өнгөрсөн онд халсан болохыг тус агентлаг мэдээлжээ.
Шинэ цэргүүдийг халагдахыг тулган шаардсан гэх гомдол шүүхэд ирсний дараа л ийм хэрэг болсныг “Associated press” мэдсэн байна. АНУ-ын БХЯ-ны мэдээлснээр дээр дурдсан хугацаанд халсан цэргүүдийн 22 хувь нь хувийн бэлтгэлийн талаар армийн шаардлага хангахгүй, 10 хувь нь хилийн чанадад хамаатантай зэргээр зохих шалгалтыг давж чадаагүй гэнэ. Мөн гурван хүн хувийн шалтгаанаар, тодруулбал, хоёр нь цагдаагийн, нэг нь жирэмсэн гэсэн үндэслэлээр чөлөөлөгджээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин