Зарим эмэгтэйчүүд нэлээд хожуу буюу хижээл насандаа хүүхдээ төрүүлдэг. Тэгвэл ийм эхчүүдээс төрсөн хүүхдүүд. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд нас биед хүрсэн хойноо эрүүл мэндийн хэд хэдэн асуудал. Тэр дундаа зүрхний төрөл бүрийн өвчинд өртөх магадлал залуухан эхээс төрсөн хүүхдүүдээс хэд дахин илүү байдаг болохыг эрдэмтэд судалж, тогтоожээ.
Уг судалгааг Канадын Альбертагийн их сургуулийн эрдэмтэд хийсэн бөгөөд тэд шинжлэх ухааны хөдөлбөргүй баримтаар нотлогдсон хэмээн үзэж байгаа энэхүү шинэлэг судалгааныхаа үр дүнг Сэтгэл зүйн шинжлэх ухааны сэтгүүлд хэсгээс нь хэвлүүлж, олон нийтэд танилцуулсан байна.
Яагаад ийм судалгаа хийх болсон шалтгаанаа канад эрдэмтэд дэлхийн эмэгтэйчүүдийн дунд дундаж буюу дундажаас дээгүүр насандаа анхны хүүхдээ төрүүлэх үзэгдэл ихэсч байгаа учраас хэмээн тайлбарлаж байгаа юм. Хөгжингүй орнуудад энэ статистик бүр ч хурдтай өсч байгаа нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татахгүй өнгөрөөгүй нь мэдээж хэрэг. “Бидний хийсэн судалгаа үр удамдаа анхаарал тавьдаг, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовдог дэлхийн бүх аав, ээжүүдэд заавал хамаатай гэдгийг би баттай хэлж чадна.
Нас нь нэлээд явсан эмэгтэйчүүдээс төрсөн хүүхэд, тэр дундаа эрэгтэй хүүхэд том болоод зүрхний янз бүрийн өвчинд нэрвэгдэх магадлал нь залуухан буюу дундаж настай эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдүүдээс илүү болох нь нэгэнт батлагдчихлаа шүү дээ” хэмээн судалгааг удирдан явуулсан доктор Сандра Давидж ярьж байна.
Түүний хэлж буйгаар шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан энэ судалгааг цаашид үргэлжлүүлэн хийж, ахимаг насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие махбодьтой холбоотой яг ямар хүчин зүйлүүд тийнхүү хүүхдийнхээ эрүүл мэндэд алсдаа сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг нарийн судлах шаардлагатай гэнэ. Судалж, шинжлэхгүйгээр манай гаригийн ирээдүйн охид, залуусыг зүрхний болон болзошгүй бусад төрлийн эмгэг өвчнөөс сэргийлэх өөр боломж олдохгүй юм.
Хэдийгээр ахимаг эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүд том болоод зүрхнээс бусад яг ямар төрлийн өвчнөөр өвчлөх магадлал өндөр байж болохыг нарийн тогтоогоогүй ч эрдэмтэд өөр төрлийн өвчний хувилбаруудыг судалж үзэхээр шийдсэн нь ойлгомжтой. Шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн Канад мэтийн улсын чинээлэг эрдэмтэд дээрх судалгааг ингээд зүгээр орхилгүй, гүнзгийрүүлж судалж таарна. Эрдэмтэд ахимаг насандаа хүүхдээ төрүүлж байгаа эмэгтэйчүүд гэдэгт 35 буюу түүнээс дээш насныхныг оруулж тооцжээ.
Түүнчлэн судалгаагаа хийхдээ дөрөв буюу түүнээс дээш сартай жирэмсэн ахимаг насны эмэгтэйчүүдийн цус болон бойжиж буй бяцхан ургийнх нь зүрхийг ажиглан шинжлэх аргыг хэрэглэсэн аж. Мөн энэ аргаа эмэгтэй хүнээс гадна зориуд үр тогтоосон эм хулганууд дээр ч мөн адил туршиж үзсэнээр өөрсдийн дүгнэлтийг хөдөлбөргүй баримтжуулсан байна. Өндөр хөгжилтэй орны чадварлаг эрдэмтдийн сонирхолтой судалгаанаас хэт орой хүүхдээ төрүүлэх нь таны үр удамд тийм ч сайнаар нөлөөлөхгүй гэдэг ганцхан бодит дүгнэлтэнд хүрч болохоор байгаа юм.
Эх сурвалж: Healthline.com
1 comment
Hudlaa