Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Яг энэ үед Өдрийн сонин “Ирэх оны төсөвт сэтгүүлчдэд хуваарилсан ганц төгрөг алга байна” гэж бичжээ.
Гарчгийг нь хараад өнөөх хэдэн сэтгүүлч шуудхан мөнгө гуйжээ гэж ойлгож магад. Үгүй юм. Дотор нь “…”Дөрөв дэх засаглал”, “Ардчилсан нийгмийн тулгуур багана” гэж өргөмжилдөг ч урьдын адил сэтгүүл зүйд ганц төгрөг ч төсөвтөө суулгаж гийгүүлсэнгүй. …Ер нь Монголын төрд сүүлийн үед хэвлэл мэдээллийг боомилох арга сэдлийг хайж ирсэн. Сонин хэвлэлд мөнгө төлж сурталчилгаа гаргах нь буруу мэтээр ярьж, түүнийгээ хууль дүрмэндээ оруулах гэж дайрч давшилж ирсэн. …Ардчилсан засгийн үед “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” хэмээх айхавтар хууль гараад сэтгүүл зүйн салбарыг үндсээр нь устгах аюул нүүрлэсэн. …Д.Сарангэрэл нарын гишүүд хүчтэй дуугарч байж зогсоож авсан. Тухайн хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн редакцийнхаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй, редакци нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг, төлбөртэй материал хийх эрхгүй, рекламны байгууллагаас тусдаа байхыг хуульчилсан” хэмээх агуулгыг хэлсэн байгаа юм. Энэ үнэн.
Хамгийн гол нь сэтгүүл зүй, сэтгүүлчид төрөөс зүгээр мөнгө гуйгаад суугаад байгаа юм биш. Ажлаа хийхэд, албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг засаг төрийн зүгээс шийдэх ёстой гэж байгаа юм. Учир нь сэтгүүл зүйн редакци ажиллаж байна гэдэг зардал мөнгө урсаж байна гэсэн үг.
Тэгээд ч төсөв хөрөнгө яаж үргүй зардал болдгийг сэтгүүлч, сурвалжлагч бид мэдэхийн дээдээр мэддэг юм. Хүүхдийн эрхийн төлөөх зардал төсвийг хэн авч, юунд зарцуулдгийг ч гадарлаад байдаг юм.
Тэгэхээр ийм санаа байна. Манай “Зууны мэдээ” сонин л гэхэд 2019 оны төсөвт хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын төлөөх сурталчилгаанд зориулж хэрэгцээт төсвийг суулгаж өгөхийг хууль батлагчдад уриалж байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө Монголын өдөр тутмын сонины холбооноос “Өдөр тутмын сонины форум-2018”-ыг зохион байгуулж, хүүхэд хамгааллын сэдвээр дорвитой дуугарсан. Өдөр тутмын сонины сэтгүүлчид дээрх сэдвээр судалгаа, сурвалжлагыг сайтар бэлтгэж, түүнийгээ форум дээрээ илтгээд, цаашид энэ сэдвээр үр дүн гартал холбоо болоод редакцийнхаа бодлого болгон ажиллаж эхэлсэн.
Бидний хийх гээд байгаа хүүхдийн аюулгүй байдлын төлөөх үйл ажиллагаа маш энгийн. Товчхондоо, бид сэрэмжлүүлж, сурталчилна. УИХ, Засгийн газар төсвийг нь л шийдээд өгчих гэж байгаа юм.
Өнөөдөр аюулгүй байдлаа хангуулж чадаагүйн улмаас өдөр бүр хүүхэд нас барж байна.
Олон давхар орон сууцны цонхоор унаж, халуун тогоо, ханын разетканы цахилгаанд цохиулж, машинд дайруулж, хулгайлагдаж амиа алдсаар байна.
Ингээд бичихэд ганцхан мөр, хэдхэн үг. Гэвч үүний цаана хэчнээн зуун хүүхдийн амь нас үгүй болсныг бодох хэрэгтэй.
Тэгвэл төр засгаас хүүхдийг өндөр байшингийн цонхоор унахаас, цахилгаанд цохиулахаас, машинд дайруулахаас, хулгайлагдахаас сэргийлж юу хийдэг вэ. Хийдэг гэж хэлж чадахгүй. Хийдэггүй учраас л хүүхэд амиа алдсаар байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны сайтад хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сарын 5-нд л хүүхдийн аюулгүй байдлын төлөө “Таны хүүхэд хаана явна вэ” гэдэг сэрэмжлүүлэг оржээ. Тэд “Хүүхэд хамгаалал” гэдэг нэг сарын аян зохиож, түүнийхээ хүрээнд энэ сэрэмжлүүлгийг түгээсэн байна. Энэ нь хүүхдийн аюулгүй байдлын төлөөх сэрэмжлүүлгийг цагдаагийг байгууллага тогтмол хийдэггүй гэсэн үг.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж Засгийн газрын агентлаг бий. Өнгөрсөн хавар, гуравдугаар сарын 9-нд болсон “Дүнжингарав-2018” уралдаан дээр эдний Хуулийн хэлтсийн дарга Энхбаатар гэдэг залуу очсон ч харуй бүрий болж байхад мордсон соёолонгийн уралдааныг хориглоод дийлээгүй. Арав гаруй хүүхэд гэмтсэн. Энэ байгууллага хүүхдийн аюулгүй байдлын төлөө хүчтэй дуугарч чадахгүй л байна. Өнөөдөр тэд хүүхэд хамгааллын зардал 3.7 тэрбум төгрөгөөр тавилга авсан, аваагүй гэж тайлбар тавиад л сууж байна.
Хүүхдийн аюулгүй байдлын төлөөх төрийн үйл ажиллагаа иймэрхүү л байна.
Тиймээс өдөр тумын сонинынхон, ер нь хэвлэл мэдээллийнхэн бид хүүхдэд зориулсан сурталчилгааг хийхэд оролцох боломжтой юм.
Яг үнэндээ таны, миний хүүхэд хаанаас мэдээллийг илүү авдаг вэ. Хэний үгэнд илүүтэй итгэдэг вэ. Хариулт нь товчхон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авдаг, тэдний контентод итгэдэг. Тухайлбал, DREAM BOX хүүхдийн сувгаар гардаг кино, нэвтрүүлгийг хүүхдүүд үзэх дуртай. Тэднийх нь завсар зайгаар нэвтэрдэг чихэр, жигнэмгийн рекламнууд хүүхдийн ойд шууд буудаг.
Байнга гардаг япон, солонгосын олон ангит хүүхэлдэйн кинонд хүүхдүүдийг бараг л донтуулж байна. Дундуур нь хүүхдүүд шууд л авч идэхийг хүстэл амттануудыг рекламддаг.
Тэгэхээр зөвхөн энэ суваг дээр л гэхэд хүүхдүүдэд зориулсан “…Цонх руу ойртох, цонхоор толгойгоо гаргах аюултай”, “…Хананд бэхэлсэн разетканд хүрч болохгүй”, “… Халуун тогооноос хол бай”, “…Танихгүй хүнийг дагаж явахаас болгоомжил” гэдэг сурталчилгааг байнга явуулж болно.
Ийм маягаар өдөр тутмын сонинууд, телевизүүд, мэдээллийн сайтууд ажиллаад ирвэл хүүхдэд юу нь аюултай вэ гэдэг ойлголт суух боломжтой юм.
Гэтэл манайхан их марзан. Жишээ нь, Зөрчлийн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд халамцуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг тодорхой заагаад өгчихсөн. Гэсэн атлаа өдөр бүр телевизээр “…Та архи уусан бол жолоогоо бусдад шилжүүлнэ үү” гэж сэрэмжлүүлдэг. Ингэх хэрэгтэй л байх. Гэхдээ хүүхдийн аюулгүй байдлын төлөө ингэж сурталчилгаа, сэнхрүүлэг хийдэг бил үү.
Яг үнэндээ халамцуу жолоочид тавьдаг халамж хүүхдэд илүү хэрэгтэй байна. Гэхдээ төр төсвөө гаргачих. Хэвлэлийнхэн бид хүүхдэд зориулсан сэрэмжлүүлэг, сурталчилгаа, сэнхрүүлгийг хийгээд өгье. Өөр бусад санал санаачлага ч олон байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин