Сураг алдарсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болох дуулиан

Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал энэ долоо хоногт болох гэж байна. Одоо хүмүүс мэдэхгүй болчихсоноос биш том байгууллага л даа. Анх 1924 оны гуравдугаар сарын 19-нд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдахад анхных нь эрхлэгчээр их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагмадулам ажиллаж байсан байдаг юм. Мөн Д.Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаагийн амьдрал ч энэ холбоотой холбогдоно.

Уг холбоо 1924-1940 онд эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд оролцуулах, 1940-1960 онд дайны дараа хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулах, 1960-1990 онд мэргэжилтэн, эрдэмтэн эмэгтэйчүүдийн эгнээг өргөтгөж, удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж амжилт гаргасан байдаг. Ерөнхийдөө хоцрогдсон Монгол Улсыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, тэр тусмаа эмэгтэйчүүдийг нийгмийн тэгш эрхэт гишүүн болгож төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр нь асар өндөр.

Нийгэм солигдсоноос хойш хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажлын байр бий болгож, жижиг зээлийн эргэлтийн сан ажиллуулж, эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах сургалт мэдээллийн чиглэлээр ажиллаж эхэлсэн баримт байна. Гэвч сүүлийн хорь гаруй жил үндсэндээ бүдгэрсээр Монголын хөрсөнд соёлын үрийг тарьж явсан хүчирхэг холбоо өдгөө нам гүм болжээ. Хамгийн хачирхалтай нь сүүлийн 18 жилийн хугацаанд Ж.Эрдэнэчимэг гэх эмэгтэй тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан байх юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо өмнө нийслэлийн салбарын тэргүүнээр дөрвөн жил ажилласан гэхээр яагаад Монголын эмэгтэйчүүдийн холбоо олон нийтэд мартагдсан шалтгааныг энэ хүнээс асуух ёстой. Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх их айлын сан хөмрөг яаж зарцуулагддаг, гадаадын томоохон төсөл, хөтөлбөрүүд нь хэрхэн явагддаг нь бүрхэг байгаа нь анхаарал дагуулна. Ихэвчлэн ийм байдлын ард бусармаг муу үйлдлүүд нуугдах нь элбэг. Уг нь өнөөгийн эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа байдал, өдийг хүртэл арилаагүй нийгмийн тэгш бус харилцааны асуудлаар энэ холбоо дуугарч байх ёстой.

Гэвч тэр үйл хэргийг хэвлэлийнхэн ч, олон нийт ч янз бүрийн сувгуудаас хайж ирлээ. УИХ-ын эмэгтэй гишүүд, гадаад дотоодын жендерийн хөдөлгөөн, алдар нэрд гарч яваа эмэгтэйчүүдийн санаачилга гээд ер нь хаанаас эс эрэв дээ. Монгол Улсын хүн амын 50.4 хувь нь эмэгтэйчүүд. Тэдгээрээс өнөөдөр 36.2 хувь нь тогтсон ажилтай бол 4.8 хувь нь өрх толгойлсон эмэгтэй гэдэг тооцоог Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтраад гаргачихсан байна.

Хаалттай хаалганы цаана байтугай гудамж талбай, ажлын байран дээрээ эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл тасрахаа байлаа. Тэгвэл энэ асуудлууд дээр эмэгтэйчүүдийг нэгтгэсэн Монголын хамгийн том холбоо лав олон нийтийн өмнө үгээ хэлэлгүй ирлээ. Яг нийгэм өөрчлөгдөж, хүмүүс төөрөлдөж эхэлсэн чухал үед 94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн ууган холбоо үүргээ мартсаныг юугаар зөвтгөх вэ. Хаалттай болж нийгэм рүү чиглэхгүй байгааг нь юу гэж ойлгох вэ. Бүр тарж бутраад алга болчихсон юм бол яая гэхэв.

Гэтэл тэгээгүй байна. Ирэх пүрэв гарагт Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн V чуулган”-аа хийхээр болжээ. Хийх хийхдээ 3000 эмэгтэйчүүдийн “Дээд чуулган”-ыг “UB palace”-д хийхээр товлосон байна. Аймаг бүрээс 100 төлөөлөл ирэх гэнэ. Ингэхдээ оролцогчид нь 108 мянган төгрөгөөр мандат авах ёстой аж. Нийтдээ 324 сая төгрөг болно. Орон нутгаас ирж байгаа төлөөлөгчдийн буух буудал, унд хоолны зардлыг нэмбэл дахиад энэ хэрийн зардал гарна гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь 108 мянган төгрөг төлсөн хэдий ч хуралд оролцогчид холбооныхоо дүрэмд санал өгөх, холбооныхоо удирдлагыг сонгоход оролцохгүй юм байна.

Зүгээр л баярын хуралд оролцоод буцах бололтой юм. Харин чуулганы хоёр дахь өдөр 160 орчим удирдах тушаалтнууд нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох аж. Эндээс хэдэн сонирхолтой асуулт гарч байгаа юм. Эхнийх нь МЭХ-ны дансанд хуралд оролцогчдын хураамж гэж оруулсан 324 сая төгрөгийг юунд зарцуулах нь бүрхэг. Хурал зохион байгуулах, гарын бэлэг өгөх зэрэгт 20 гаруй сая төгрөг өгдөг юм гэхэд үлдсэн мөнгө нь холбооны орлого болох уу. Яагаад нийт гишүүдээсээ биш 160 хүнээс удирдлагаа тодруулах гээд байна.

Тэр сонгуулийн өмнө юунд зориулж гишүүдээсээ мөнгө босгов гэх мэт. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар тус холбоог өнөөдөр тэргүүлж буй Ж.Эрдэнэчимэг холбооныхоо ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар лоббидож байгаа гэнэ. Хэрэв тийм бол хурал хийх нэрээр цуглуулсан мөнгөөр албан тушаалдаа үлдэх явуулга хийх юм биш биз гэсэн хардлага ч гарч таарна. Тэгвэл эмэгтэйчүүдийнхээ талаар огт дуугарахаа байсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид байр сууриа хадгалан үлдэх ямар шаардлага байна гэдэг асуудал ч хөндөгдөнө.

Нийгэм өөрчлөгдөж байна. Төр засгийг шахдаг, тэдэнтэй хамтардаг амьд байгууллага эмэгтэйчүүдэд хэрэгтэй байна. Ялангуяа хүчирхийлэл, хүйсийн тэгш бус ялгаварлал нийгэмд их байгаа ийм нөхцөлд шүү дээ. Эмэгтэйчүүд хэсэг бусгаараа биш нийтээрээ хөдөлж байж өөрчлөлтийг авчирна. Тийм өөрчлөлт авчирдаг гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн холбоо бараг зуун жилийн өмнө нэг удаа харуулж байлаа.

Одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг гэдгийг дийлэнх эмэгтэйчүүд мэдэхээ байжээ. Уг нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн эрхийг хангах эрх зүйн үүрэгтэй цор ганц байгууллага юм шүү дээ. Гэвч хурал хийх, хураамж мөнгөний асуудлаар л нэг харагдаж байх юм даа.

Эх сурвалж: Үндэсний шуудан

9 thoughts on “Сураг алдарсан эмэгтэйчүүдийн холбооны хурал болох дуулиан

  1. зочин 2018-10-08 16:02 at 16:02

    Одоо энэ холбоо байдиймуу?

    Хариулах
  2. Нэргүй 2018-10-08 16:21 at 16:21

    Холбоо гэдэг бас нэг бяцхан бүлэглэлүүд бий болсон бөгөөд энэ холбоо шиг мөнгө босгож дундаас нь завшдаг явдал газар аваад байгаагийн нэг болж байгаа юм байна. Бас тэгээд том том юм ярихыг нь яана. Эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг бол эмэгтэйчүүдийн мэдлэгийг сайжруулах,хөдөлмөрийг хөнгөвчлөх,хүүхдийн хүмүүжил гээд олон юманд оролцох ёстой. Одоо харин мөнгө цуглуулах хэрэгтэй болсон гэнэ үү.

    Хариулах
  3. J 2018-10-08 16:48 at 16:48

    HEDEN HALTAR AVGAACHUUD HAMT ARHI UUJ AGSAN TAVIHLDE

    Хариулах
  4. oyun 2018-10-08 17:34 at 17:34

    EMEGTEICHUUDIIN HOLBOO gej bas you hiideg ymar baiguullaga baidag um be

    Хариулах
  5. зочин 2018-10-08 17:49 at 17:49

    маш сайн ажилладаг тухайн үеийн лидер хүүхнүүд удирддаг нэр хүндтэй байгууллага байлаа,Монголын эмэгтэйчүүд гэдэг сэтгүүл гардаг байлаа,ер нь нэр хүндтэй байгууллага байсаан,одоо чөтгөр бүү мэдээ

    Хариулах
  6. зочин 2018-10-08 17:56 at 17:56

    аймгийн эмэгтэйчүүдийн холбоо юу хийдэг вэ.эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ямарч дуу хоолой болохгүй байна.эмэгтэйчүүдийн дунд хүчирхийллээс эхлээ монгол орон даяар эмэгтэйчүүд айл гэрийг авч явж байна

    Хариулах
  7. Нэргүй 2018-10-08 17:57 at 17:57

    haltar avgaichuud gj heniig heleed bgaa uym. uuruu emegtei hunees turuugui uy. setgegdlee zuv ilerhiilj bmaar uym. yamat ih mungu huraadag uym. ene buruu bn

    Хариулах
  8. hotoch 2018-10-08 18:50 at 18:50

    erdene chimeg ih zalitai naimaachin hural n menge bosgoh arga baihgui yu

    Хариулах
    1. Нэргүй 2018-10-08 23:22 at 23:22

      Хамгийн аймаар нь энэ Эрдэнэчимэг гэдэг авгай 2000 оноос одоо хүртэл сууж байр чүгүй банз ч үгүй нэг муу Оршил гэл үү Моршил гэл үү юманд улсаас төсөв авч олон улсын байгууллагын тендэр энэ тэр явдаг хэнд тус дэм болдоггүй ахмад үеийн алдартай эмэгтэйчүүдийн нэр хүндээр бамбай хийж явдаг л гэж сонссон Эмэгтэйчүүд маш олон зовлон туулж байхад гарч ирдэггүй мөртлөө элдэвийн найр наадамд болохоор би эмэгтэйчүүдйн холбооны ерөнхйлөгч гэж ярьдаг ээдрээтэй Монголын Эмэгтэйчүүдийн холбоо – жилд нэг эмэгтэй удирдахад л болоо Хийе гэвэл боломжийн хугацаа ашиглаж шамшигдууляа гэвэл 20 жил ч багадах хүмүүс байх юм аа

      Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн