XIII зууны үед Монголчууд хүний мах идэж байв уу?

XIII зууны үед Монголчууд хүний мах идэж байв уу? Дэлхий ертөнцөд олон төрлийн амьтан байх боловч хүн амьтанд тооцогдох нь бараг үгүй бөгөөд төрөлхи чанараараа бол хүн мах иддэг амьтан билээ. Дэлхийн хүн амын дөрөвний гурван хувь нь мах иддэг байна.

Монголчууд бид таван хошуу малынхаа махыг идэхээс гадна гахай, тахиа, галуу нугас, загас жараахай тэгээд зэрлэг амьтадаас буга, хандгай, гөрөөс, баавгай, хүдэр, зэрлэг гахай, тарвага зурам, зээр, аргаль, янгирын мах идэх хийгээд сүүлийн үед эмчилгээний журмаар чоно нохойн мах хүртэл иддэг болсон байна.

Бусад улс оронд бидний мэдэхгүй, идэж чадахгүй далай тэнгис, ой тайга, тал хээрт орших махтай хэмээн тооцогдох олон төрөл зүйлийн амьтадыг иддэг байна. Могой, гүрвэл, сармагчин, арслан, заан, бар ирвэсээс өгсүүлээд өт хорхой, шавьж авгалдайг хүртэл иддэг байна. 2009 оны зун Д-р С.Дулам багш БНХАУ-ын Кумминьд болсон олон улсын хуралд оролцох далимдаа XIII зууны үед очсон монголчуудын удам болох Юнаны монголчуудад зочлон очиход хамгийн хүндтэй хоолны нэг нь хуурсан өт байсан хэмээн хуучилж байсан билээ.

Монгол хэлэнд “махчин”гэдэг үг бий. Үүнийг Я.Цэвэл авгайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д 1.бусад амьтныг барьж идэгч, 2. хүний мах иддэг зэрлэг хүн, 3. хүнийг тарчлаан зовоогч (Я.Цэвэл, х 335) хэмээн тайлбарлажээ. Биний ярих сэдэв бол энэ тайлбарын хоёрт заасан хүн хүний мах иддэгтэй холбоотой юм. Хүн хүний мах иддэг ёсыг дэлхий дахинаа “Cannibalism” гэдэг нэр томъёогоор оноосон байдаг. Энэ үг нь баруун Индианчууд болох Карибийн Индианчуудын нэрнээс үүссэн үг хийгээд эртний сурвалжуудад “Caribales”, “Canibales” хэмээн тэмдэглэгдсэн байна.

Эрт балар цагт хүн төрөлхтөн бусад амьтдын хажуугаар хүний махаар хооллодог байсан байж болох талтай. Учир нь эрт балар цагийн агуйнуудаас амьтны ястай хамт хүний яснууд олддог байна. Эрт цагийн анхны хүний нэг хэмээн тооцогддог Sinanthropus pekinensis(Бээжингийн хүн)–ийн яс Бээжингийн ойролцоох Чоукоутиэн (Choukoutien) агуйгаас олдсон бөгөөд энд бүлэг хүний толгойг нь авч дагз хэсгийг цөм цохисныг үзвэл мэдээж тархий нь гаргаж авах гэсэн хэрэг юм. Мөн Ауригнайшин(Aurignacian)-ий үе буюу хожмын мөстлөгийн үед төв Европт болон Шведийн эртний неолетик хүмүүсийн дунд хүн хүнээ идэх явдал байсан байжээ.

Бүр МЭӨ 2000 жилийн өмнөх Хүрэлийн үед Богамийн арлын оршин суугчид хүний чөмөгний ясыг хутгаар мөлжиж, чөмгий нь ташиж иддэг байсан байна. Тийм болохоор эрт баларын хүмүүс бие биенээ иддэггүй байсан гэж үзэх шалтгаан байхгүй. Колумбын аялалын үед ч хүн идэгч хүмүүстэй тааралдаж байжээ. Мөн хуучин нэр томьёо болох “anthropophagy” хэмээх нь сонгодог грек хэлний “anthrōpos” (хүн), “phagein” (идэх) хэмээх үгнээс гарсан гэж үзэхэд хаа сайгүй л эртний хүмүүс хүн хүний мах идэхийг мэддэг, ингэж хийсэн хүнийг цээрлүүлдэг байсныг мэддэг байсан гэж үзэж болох юм. Эртний зохиолч Херодотус (Herodotus) (МЭӨ V зуун), Страбо (Strabo) (МЭӨ 63- МЭ 24) нарын тэмдэглэлд Ирландын Келтууд (Irish Celts), Сятанчууд (Scythians) болон бас бус улсууд хүний мах идэгч байсан байна. Орчин үед элсэн цөл, эзэнгүй далайд төөрөгсөд, цасанд боогдогсод гээд хүний бараагүй хүнс хоолгүй олон хоног болохоороо үрэгдэсдийнхээ махыг идэх явдал хаяа гардаг байна.

Гэвч саяхны зуун болтол байнга хийгээд нийгмийг хамарсан хүн хүний мах идэх явдал халуун бүсийн нутгуудад байсаар байсан бөгөөд бүр XX зууны дунд үе гэхэд ч номхруулагчид болон цагдаагийн хяналт тавьдаг соёл иргэншил нэвтрээгүй хүн ам олноор сууршсан олонх газруудад ийм явдал байсаар байсан байна. Магадгүй одоо ч гэсэн Шинэ Гвинейн арлуудын алс холын дүүрэг болон Хойт Америкийн Амазоны хүн хүршгүй аглаг зэлүүд газруудад энэ ёс үргэлжилсээр байж мэдэх юм.(Britanica, p 356)

XIII зууны үед Монголчууд Ази, Европ тивийг дамнасан өргөн уудам нутагт дайн хийж олон улс орныг эрхэндээ оруулж байсан болохоор тэдгээр улсуудын түүхэнд сөрөг талаас нь бичих явдал давамгайлдаг билээ. Үүний нэг илрэл нь Монголчууд дайн хийхдээ харгисаар алж устгадаг бөгөөд олзолсон хүмүүсээ иддэг байсан хэмээх үзэл өрнө дахинд одоо хүртэл байсаар байна. Англи улсын Кембрижийн Их Сургуулийн номын санд хадгалагдаж байгаа XVI зууны үеийн нэг номд нэр үл мэдэгдэх зураачийн хүний мах гал дээр шараад идэж байгаа хоёр хүний зураг байдаг байна. Илбэчний мэт шовгор оройтой малгайг эс тооцвол монгол хүн гэж хэлэхэд бэрхтэй юм. Юунд ч торохгүй дорно зүгээс довтлон ирж байгаа монголчуудаас айсан айдас энэ зургийг бүтээсэн байж болох юм. Учир нь тэр довтлон ирж буй хүмүүс бол ингэж хүний мах иддэг бөгөөд олзлогдвол хэн хүнгүй ингэж идэгдэх тул үхэн үхтлээ тэмцэх хэрэгтэй хэмээн ард түмнээ уриалахад ашиглаж байсан байж болох талтай. Нөгөө талаар дэлхий нийтэд түгээмэл байдаг нэн ялангуяа өрнөдөд түгээмэл байдаг канибализмийн үзлийг монголчуудад байж л таараа хэмээн таамгаар нялзаан бодсоны илрэл байж болох юм.

Хэрвээ иймэрхүү зүйл XIII зууны үед түгээмэл байсан бол тэр үеийн түүхийг харуулсан сурвалж бичгүүдэд ямар нэг хэмжээгээр туссан байх ёстой. Иймийн тул хамгийн түрүүнд тэр үеийн гадаадын жуулчдын тэмдэглэл, монголчуудын үлдээсэн сурвалж бичгийг үзэх хэрэгтэй. XIII зууны үеийн жуулчин Марко Полагийн тэмдэглэлд түүний сонссоноор Төвдөөс Суматра болон Андаманийн арлууд хүртэлх газарт хүн хүний мах идэх явдал байсан хэмээжээ. 17 жил монгол хаадын дэргэд алба хааж байсан тэрээр хэрвээ монголчуудыг хүний мах иддэг тухай үзсэн юмуу дуулсан бол номондоо заавал оруулах ёстой байхсан. Италийн жуулчин Плано Карпинийн номд “Зажилж болох юм болгоныг хоол гэж ойлгодог. Тэд нохой, чоно, үнэг, морь хэрэгцээ гарвал хүний махыг ч иднэ. Жишээлбэл, Хятадын эзэн хааныг нэгэн хотод орогнож байхад тэр хотыг эзлэн авахаар олон хоног бүсэлж, эцэстээ Татаруудын хоол хүнс барагдаж эхэлсэн тул арван хүн тутмын нэгийг идэхээр шийдэж байжээ. Дөнгөж төрсөн унаганы эхсийг хүртэл иднэ. Тэд нарыг бөөсөө идэж байхыг хүртэл би харсан юм. Бас тэгээд “миний хүүгийн махыг идэж, цусыг сорж байхад би яагаад идэж болохгүй гэж” хэмээн хэлэх юм. Бүр хулгана идэж байхыг ч харж билээ”(Плано Карпини, х 26)

“Монголын нууц товчоо”-г шүүрдэж үзэв. Зэрвэс харсан хүнд хүний мах иддэг гэсэн мэт мэдээлэл 7-р бүлгийн 195 –р зүйл, 11-р бүлгийн 251-р зүйл хоёрт байна. Эхний 7-р бүлгийн 195-р зүйлд Найманы цэрэгтэй цуг морилж явсан Жамухаас “олон хонийг хотонд ортол хөөж ирэх мэт эд юун хүмүүс айсуй” хэмээн Таян хаан асуухад “Тэмүжин анд минь дөрвөн нохдыг хүний махаар тэжээж, гинжилж уяж байх бүлгээ”, “Алалдах өдөр амьтны мах иднэ, хүрэлцэх өдөр хүний мах иднэ” хэмээн хариулж байна. Мөн дараа нь Хасарын тухай асууваас “Өгэлүн эх нэг хүүгээ хүний махаар тэжээж бүлгээ” гээд тэр хүн нь “Хоромсогот хүнийг хотлоор нь залгиваас хоолойд нь үл торъюу, хөвчин эрийг үмхвээс өл үл залгъюу” хэмээн хариулаад Найманаас хагацан бултаж гарч Чингис хаанд Даян хааныг “амаар алагдан, айж мэгдэж байна, хатууж”(Монголын нууц товчоо, х 89-90) хэмээн хэл өгүүлжээ. Энэ нь үлгэр домгийн хэтрүүлгийн дүрслэлийг зохиогч оруулж өгсөн эсвэл Жамух есөн өрлөг жанжин болон Хасар баатрын хүч чадлыг аугаа их болгож үзүүлэхийн тулд ийнхүү үлгэр домгийн хэтрүүлгийн дүрслэлийг ашиглан хэлсэн нь энэ юм. Ер нь тэгсэн гэдэг нь эндээс аяндаа харагдах бөгөөд монгол хүний хувьд бол маш тодорхой ойлгомжтой зүйл юм.

Харин энэ зохиолыг англи орчуулгаар уншсан өрнөдийн хүн хүний мах идэж байсан хэмээн ойлгож болох талтай байна. Учир нь “Монголын нууц товчоо”-г англи хэлэнд орчуулсан И.Д.Рахэвилц (Igor de Rachewiltz, p 53-55), Ф.В.Клиавез (F.W.Cleaves, p 125-127) болон Онон Өргөнгөө (Urgunge Onon, p 173-175) нарын орчуулгад яг тэр хэвээр нь ямар ч тайлбаргүйгээр хүний мах иддэг хэмээн орчуулсан байна. Тэгэхээр үүнийг уншсан өрнөдийн уншигч монголчууд XIII зууны үед хүний мах идэж байжээ хэмээн ойлгохоор байна. Тэр ч бүү хэл монголч эрдэмтэн, монгол хүн Онон Өргөнгөө гуай ямар нэг тайлбаргүй тэр чигээр нь орчуулсан байна. Тэгэхээр өрнөдийнхөнд ийм ойлголт төрүүлсэн бас нэг буруутан бол орчуулга байна. Нөгөө 11-р бүлгийн 251-р зүйлд байгаа мэдээ бол хятан цэргүүдээ хядаж барагдсаныг мэдсэн Алтан хааныг Жүндүгээс зугтаахад “үлдсэн цэргүүд нь турж үхэхдээ, өөр зуураа алалдаж, хүний мах иджээ”(Монголын нууц товчоо, х 131) хэмээсэн мөр юм. Энэ нь монголчууд биш бөгөөд Зүрчидийн Алтан улсын бүслэгдсэн цэргүүд болой. Энэ мэдээг өрнөдийн тэр үеийн жуулчид мушгиж нөгөө талаас нь тэмдэглэн үлдээсэн болох нь дээр дурдсан Плано Карпинийн номоос илт байна.

Энэ тухай эрдэмтэн А.Г.Юрченко “Хэрвээ 1245 оны Францисканы номлогчдын мэдээг үндэс болгох юм бол Хятадын нийслэл ямар ч хүнгүй цөл газар оршиж байсан болж таарч байна. Тийм биш байсан бол 500 км-ийн тойрогт ямар нэг аргаар хүнс залгуулж болох байсан. Хятадын нутаг цөлжсөн, монголчуудын хоол хүнс нь дууссан тохиолдолд монголчууд сэлгээ морьдоо хүнсэндээ хэрэглэх байсан. Гэхдээ хамгийн сүүлийнхээ морийг идэх тэр өдрийг хүлээхгүй байсан нь мэдээж хэрэг юм. Учир нь хэрхэн тэр олон цэрэг эх нутагтаа буцах билээ? Монголын нууц товчоонд тэмдэглэлснээр бол хот руу дайрч байгаа цэргүүд өршөөл эрж, бэлэг өгөх явдлыг юуны түрүүнд сайшаадаг байсан. Хэрвээ бүх адуугаа хүнсэндээ хэрэглээд, арван хүн тутмын нэгий нь идэх тушаал гаргасан байлаа гэхэд үлдсэн цэргүүд булааж авсан эд баялгаа юунд ачиж явах байсан юм бэ? Тэгээд ч цэргээрээ дэнчин тавьж олсон эд баялаг хэрэгтэй гэж үү? Нүүдэлчид ямар ч тохиолдолд өөрийн цэрэгт хохирол учруулах удаан хугацаагаар хотууд руу дайрдаггүй байсан. Тэгээд ч яаж өлсгөлөн хүч чадалгүй болсон хүмүүс хотын төв хэсэг хүртэл газар доогуур зам малтаж довтолгооноо үргэлжлүүлэх билээ. Ингэхлээр францисканы номлогчдын мэдээ нь бодит үнэнтэй нийцмээргүй байна” гэсэн нь туйлын зөв дүгнэлт юм.(А.Г.Юрченко, с 282-294)

Ер нь “Монголын нууц товчоо”-г бүхэлд нь шүүрдэж үзэхэд тэр цагт монголчууд малын болон ангийн мах, малын сүү шимээр хийсэн цагаан идээ, байгалийн жимс ургамал, тариа будаа өргөн хэрэглэж байсан байна. Зэрлэг ан амьтадыг авлахдаа хүртэл хэтэрхий их хядахгүй зүй зохисоор нь хэрэгцээндээ авлаж байсны баримт ч байна. 1205 онд Сүбээдэйг төмөр тэрэгтэй Тогтоагийн Худу, Гал, Чулуун тэргүүтэн хөвүүдийг нэхүүлэхдээ Чингис хаан “Газрын холыг бодож, цэргийн улаа морьдыг тураагүйд нь хайрлагтун! Хүнсээ дуусаагүйд нь гамнагтун! Агт нэгэнт турж барваас хайрлаад ашиг үл болюу. Хүнсээ баран дуусгаваас гамнаж үл болюу. Мөрт чинь ан гөрөөс олон буй за. Алсыг бодож явахуйд, цэргийн хүмүүнийг гөрөөс бүү хөөлгөгтүн. Хэмгүй ихээр бүү авлагтун. Цэргийн хүний хүнсэнд нэмэрлэж өгөх болтугай хэмээн авлаваас, хямгадаж авлагтун”(Монголын нууц товчоо, х 96) хэмээн захиж сургаснаас тодорхой харагдаж байна. Чингис хааны гол зарчим бол цэргийн хүнийг машид эрхэмлэн хайрлах бөгөөд “Миний цэрэг эрс ойн мод мэт олон бөгөөд эхнэр хүүхнүүд нь ч миний цэргийн хүчний том хэсэг бөгөөд би тэднийгээ шүүс махаар элбэг дэлбэг, тансаг гэрт амьдарч, өвстэй газар өтгөн сүргээ маллаж байхы нь хүсдэг юм” (Urgunge Onon, p 98) хэмээсэн үгэнд ил тод илрэх бөлгөө. Ер нь Чингис хаан хүүхдүүддээ, сайд, жанжин нартаа сургахдаа жинхэнэ жанжин хүн гэдэг бол өөрийн бие дээр өлсөх ундаасахыг мэдэрч чаддаг байх нь зайлшгүй бөгөөд зөвхөн тийм л хүн их цэргийг удирдаж ялалтад хүргэж чаддаг” хэмээн сургадаг байжээ. Аян дайнд явахын өмнө туршуул цэргийг заавал илгээж их цэрэг явах газар орны байршил, онцлог зэргийг заавал тогтоосны дараагаар аянаа эхэлдэг байсан.

Нөгөө нэг анхаарал хандуулах зүйл нь Европ дахины зарим түүхэн зохиол, тэмдэглэлд байгаа алдаатай мэдээнүүдээс шалтгаалж байгаа явдал юм. Рашид ад-Диний “Судрын чуулган”-д Өгээдэй хаан Төвдөөр дайрч Хятад руу довтолсон хоёр дахь жилдээ “цэрэг дайчдын хоол хүнсний нөөц дуусч өлсөж харангадахын зовлонг амсаж, өвс ургамал, араатан жигүүртэн, хүний мах идэхдээ тулсан” хэмээжээ (Рашид ад-Дин, х 21). Оросын эрдэмтэн А.Г.Юрченко”Эзэнт гүрэн болон сансар огторгуй” номондоо “Хэдийгээр энэ аян дайн бодит болсон зүйл боловч мэдээ нь санаанаасаа зохиосон зүйл юм” (А.Г.Юрченко, с 293) хэмээн бодит үнэнийг олж харсанд нь гүнээ талархнам.

Өөр нэг мэдээ нь Персийн хаан Камбис эфиопчуудын газар нутгийг эзлэх аян дайны үед цөл газар их цэрэг нь хоол хүнсгүй болж арван хүн тутмын нэгийг сугалаагаар идэж байсан тухай Геродотын тэмдэглэл байдгийг эрдэмтэн А.Г.Юрченко “13-р зууны үеийн монголчуудтай холбож үзэх нь үндэслэлгүй юм” хэмээснийг би бас гүнээ сайшааж байна. (А.Г.Юрченко, с 294) Бенедикт ламын орчуулгад Чингис хааны цэргүүд өлсгөлөнд нэрвэгдэж байсан хэмээх хоёр зүйлийн мэдээ байдаг. Үүний нэг дэх нь дээр дурдсан мэдээ. Удаах нь зөвхөн энэ Бенедикт ламын тэмдэглэлд дурдагдсан байдаг нь Каспийн нуруу хийгээд Нараиргений нутагт болж өнгөрсөн гэж тэмдэглэгдсэн ажээ. Энэ аялалын чиглэл ямар байсан бэ гэвэл Каспийн нуруу нь дэлхийн төвд байдаг бол “нарны улс” нь зүүн зүгт буюу дэлхийн захад оршдог. Энэхүү дэлхийн төвөөс нарны улс хүртэлх алс хол аян замыг зөвхөн алдарт Искандер л туулж чадсан байдаг. Чингис хаан энэ аялалыг давтсан боловч уг мэдээгээр бол их цэрэг цөл газар өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж Чингис хаан арван хүн болгоны нэгийг идэх тушаалыг гаргасан гэжээ. Гэвч энэ алдарт зохиолд тэмдэглэгдсэн мэдээ нь үнэнтэй нийцэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ингэхээр дээрх баримтуудаас харахад XIII зуунд монголчууд хүний мах иддэг байсан гэсэн ойлголт нь орчуулгаас үүдсэн гол алдаатай ойлголт хийгээд дундад зууны үеийн европийн номлогчдын мушгин гуйвуулсан таамаг ойлголтын харгай болох нь харагдаж байна.

Дэлхийн талыг эзэлж байсан хүчирхэг, асар их туршлагатай нүүдэлчин армийн цэргүүд хүлгийн сайныг унаж, хүүхний сайхныг эдэлж, архины дээдийг ууж, амтатны дээдийг идэж явсан байж таараа шүү дээ. Англи улсын Кентенберийн Их Сургуулийн түүхийн тэнхимийн профессор Ж.Ж.Саундерс “Монголчуудын ялалт нь Шар тэнгэс болон Оросын талын хоорондох нутаг дэвсгэрт хүчирхэг, төвлөрсөн, соёл иргэншил бүхий, дэвшил хөгжилтэй байж чадахаар тийм улсыг байгуулсан гэж хэлж болмоор байдаг” хэмээн онцлон үнэлсэн байдаг.(Ж.Ж.Саундерс, х 50)

Ном зүй 1. Britanica, London, 1949 2. Монголын нууц товчоо, сонгомол эх, Улаанбаатар, 2005 3. Плано Карпини, Монголчуудын түүх, Улаанбаатар хот, 2006 4. Рашид ад-Дин, Сборник летописей, Т. II. М.,Л., 1952 5. Ж.Ж.Саундерс, Монголын байлдан дагуулалын түүх, Улаанбаатар, 1992 5. “The Secret History of the Mongols”, translated, annoted and with an introduction by Urgunge Onon, London and New York, 2001 6. “The Secret History of the Mongols” by Francis Woodman Cleaves, London, 1982 7. “The Secret History of the Mongols” by Igor de Rachewlthz, The Australian National University, 1978 8. А.Г.Юрченко, Империя и Космос, Санкт-Петербург, 2002 9. Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар, 1966

Лувсанжавын Чулуунбаатар

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “XIII зууны үед Монголчууд хүний мах идэж байв уу?

  1. A 2018-10-08 14:52 at 14:52

    TIIM BOLOOD L UVS NOGOO UDEHGUI TOM TOLGOITOI MAAJIGA DAVJAA HAR ARISTAI SARMAGCHIN TURHTUI BAIHGUIYUDAA

    Хариулах
  2. Нэргүй 2018-10-08 15:26 at 15:26

    Mongolchuud shig atgasan shoroo n alt uls huni mah ideh u mongolchuud shig uls oron delhid bhgyu mu nogo taridag gyulgachinguud l hini mah iddeg biz bitgi uls ornig mini gutge

    Хариулах
  3. 17+10 2018-10-08 15:31 at 15:31

    МОНГОЛЧУУД ХҮНИЙ МАХ ИДДЭГ БАЙСАН НЬ ТҮҮХЭН БАРИМТТАЙ ЮМ Ш ДЭЭ, ХЭН Ч НЯЦААЖ ЧАДАХГҮЙ

    Хариулах
  4. Нэргүй 2018-10-08 21:40 at 21:40

    tariatsid bishdee…nuudeltsid mal aj ahuitai,antsin göröötsid shuudee….borts ,aaruul ideegee bazaagaad ajn daind mordoj baisan

    Хариулах

A-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн