УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, О.Батнасан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Тиймээс эл мөнгөн тэтгэмжийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Ингэж олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь, бүх хүүхдэд олгож байх үед 10 орчим хувь нь огт авдаггүй гэсэн судалгаа байдаг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
songyyliar yalsnii daraa l hiih yostoi bsan ydahgyi dahiad songyyli dohohoor iim yum yarij bh ch gej dee odoo jaahan ichih heregtei 4 jiliin 3d yu ch hiideggyi hymyys naad ylger shig zyild itgehgyi songyyliar zohih dyng chin tavinaa