Хагас зууны түүхтэй Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ сарын 7-нд намар цагийн нээлтээ хийнэ. Манай улсын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон тус театр 55 жилийн турш намрын нээлтээ дуурь, эсвэл балетаар эхлүүлсээр ирсэн түүхтэй.
Тэгвэл энэ жилийн хувьд Дуурийн театр Опенинг Гала цоморлигоор энэ улирлын нээлтээ хийхээр болжээ. Опенинг Гала тоглолтод тус театрын тайзнаа тавигдаж буй нэг биш, нэлээд олон дуурь, балетын оргил хэсгүүдээс түүвэрлэн оруулж байгаагаараа түүхэн онцлогтой аж.
Та Дуурийн театрын авьяаслаг хамт олны намар цагийн нээлтийн Гала тоглолтыг үзсэнээр “Айдера” балет, “Кармен” дуурийн хамгийн сонирхолтой хэсгүүдээс товчлон үзэж сонирхох боломжтой юм.
Дуурь, балетыг зөвхөн нас тогтсон хүмүүс үздэг гэсэн хуучирсан ойлголт түүх болж, сүүлийн жилүүдэд залуучууд энэ төрлийн сонгодог урлагийг ихээр сонирхох болжээ. Тиймээс Дуурийн театрын уран бүтээлчид энэ жил хүүхэд, залууст зориулсан нэлээд хэдэн уран бүтээлийг шинээр болон сэргээн тавьж байгаа аж.
Бид УДБЭТ-ын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбаатартай шинэлэг өнгө аястай эхэлж байгаа намрын нээлт Опенинг Гала тоглолтын талаар товчхон ярилцсанаа хүргэе.
Танай хамт олон бүрэн хэмжээний жүжиг биш, олон жүжгийн цоморлигоор анх удаа нээлтээ хийж байна. Энэ нь үзэгчдэд их л сонирхолтой байх болов уу?
Бид хагас зууны турш нээлтээ заавал дуурь, эсвэл балетаар нээж ирсэн. Харин энэ удаад арай өөрөөр нээлтээ хийж байна. Дуурийн театр гэхээрээ заавал бүрэн хэмжээний дуурь, эсвэл балетаар нээлтээ хийх ёстой гэсэн уламжлалт ойлголтыг эвдэж байна гэх үү дээ.
Өнгөрсөн хагас зууны хугацаанд “Учиртай гурван толгой”, “Хунт нуур” зэрэг том хэмжээний бүтээлүүдээр нээлтээ их хийдэг байжээ. Тэгвэл энэ жилийн Гала тоглолтыг үзэгчдэд сонирхолтой болгох үүднээс үе үеийн шилдэг дуурь, балетуудын хамгийн сонирхолтой эпизодууд буюу үзэгдлүүдээс түүвэрлэн товчилж оруулах хэлбэрээр бэлдсэн. Үзэгчид нэг дор ганцхан биш, олон балет, дуурийг үзэж таашаал, мэдрэмжийг авна гэсэн үг л дээ.
-Сонгодог урлагийн театр байж концерт шахуу зүйлээр нээлтээ хийх гэж байна гэсэн шүүмжлэл гарсан бололтой. Энэ талаар та юу хэлэх вэ?
Уг нь бол ганцхан нээлт тийм чухал биш шүү дээ. Нээлтээс цаашаагаа бүтэн улирал, жилийн туршид тэр сонгодгууд чинь тоглодгоороо тоглоод л явна. Их урлаг гэдэг чинь хөлгүй том далайн мандал шиг өөрийнхөө энерциэр л явдаг юм. Энэ бол шоуны газар биш.
Юуны төлөө эрдмийн театр гэж нэрлэж байгаа билээ. Хагас зууны туршид бид дэлхийн сонгодгуудыг хэдэн арваар нь найруулан тавьсаар ирсэн. Тиймээс манай уран бүтээлчид урлагийн бусад салбарынхан шиг элдвээр шоудаж, энд тэнд зураг хөргөө хадаж, өөрсдийгөө хэтэрхий ихээр сурталчлах шаардлагагүй.
Бид өмнө нь яаж явж ирсэн яг тэр маягаараа даруухан бөгөөд мөрөөрөө сонгодог бүтээлүүдээ хийсээр байх болно.
Ганцхан удаагийн нээлтээ үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс Опенинг Гала гэж нэрлэсний төлөө биднийг шүүмжлэх шаардлагагүй.
Сонгодгийн сонгодог болсон Дуурийн театрын уран бүтээлчид Опенинг Гала тоглолтынхоо хойноос Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийг тоглож энэ улирлын дуурийн цувралаа эхлүүлэх аж. “Кармен”-ы дүрд Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа тоглоно.
Сонгодог урлагийг төдийлөн сонирхдоггүй зарим хүмүүс дуурь, балет хоёрын ялгааг тэр бүр ойлгодоггүй. Тэгвэл дуурь гэдэг нь дуулалт жүжиг бол балет нь үйл хөдлөлөөрөө утга санаагаа илэрхийлдэг бүжгэн жүжиг юм.
Та бид л үл ойшоож гадуур нь тойрон өнгөрдөг болохоос дотор нь орж суугаад үзэх юм бол бүжгэн жүжиг, дуулалт жүжиг хоёр шиг урлагийн гоо сайхныг чинээнд нь тултал мэдрүүлж чадах өөр гайхамшиг хүний түүхэнд одоо болтол байхгүй хэмээн сонгодог урлагийг шимтэн сонирхогч нэгэн томоохон сэхээтэн хэлснийг энд дурдах хэрэгтэй. Юутай ч хагас зууны түүхтэй ариун театр үзэгч таныг хүлээн авахад бэлэн болжээ.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин