Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр С.Зориг агсны хэргийн талаар хэд хэдэн зүйл дурджээ. Тэрбээр С.Зориг агсны хамтран амьдрагч байсан Б.Булганыг хуулийнханд ашиггүй мэдээлэл өгсөн хэмээсэн бөгөөд тус хэргийг нууцын зэрэглэлээс гарган прокурорт шилжүүлсэн учир прокурооос тус хэргийн талаарх мэдээллийг авах боломжтой хэмээв.
Ингэхдээ “Би захиалагч байгаа бол зарла гэдгээ ажил авсан өдрөө хэлсэн. Одоо болтол хянадаг газар нь зарлуулахгүй л байна. Тэр үед бодож байсан миний бодол улам лавширч байгаа. Сая Ерөнхий прокурорын орлогч хэвлэлийнхэнд “Шийтгүүлсэн гурван хүн алуурчид биш гэж Б.Булган хэлсэн” гэсэн байсан.
Би анх үүнийг мэддэггүй байсан. Явж явж Б.Булган хуулийнханд ашиггүй мэдүүлэг өгсөн учраас холдуулахын тулд шүүх хуралд оролцуулаагүй юм билээ. Шалгуулах шаардлагууд тавигдаж байгаа. Захиалагч гэдэг хүнийг Ц.Амгаланбаатар хэлээд байсан юм билээ. Захиалагчийн нэр хэлсээр байтал түүнийг нь шалгалгүй шүүх хурал хийсэн. Нууцаас гаргаад, прокурорын архив руу шилжүүлчихсэн байгаа. Танилцах боломжийн талаар прокуророос асуух хэрэгтэй. Надад ирсэн мэдээллээр энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа” хэмээсэн байна.