Норвегийн иргэн Гуннар Гарфос бол дэлхийн бараг бүх улс орноор аялж үзсэн сонирхогч аялагч юм. Түүний аяласан орны тоо 198-аар тоологдож байна. Гайхалтай нь тэрбээр үндсэн ажлаа таслалгүйгээр аялалд гардаг аж. Тэр амралтын өдөр, цалинтай амралтаараа үүргэвчээ үүрээд аялдаг хоббитой. Гарфорсын туршлага үнэхээр нэгийг бодогдуулж, хүн бүр аялах мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг нотолно. Аяласан орныхоо тоогоор дээд амжилт тогтоосон Норвегийн алдарт аялагчийн 15 зөвлөгөөг хүргэе.
- Хот дотор явах хувилбаруудаа урьдчилан тооцоол. Мэдээж такси бариад сонирхсон бүх газраа хүргүүлж болно л доо. Гэхдээ нийтийн тээврээр явах нь илүү сонирхолтой бас хямд. Ингэхдээ явах маршрут, хуваарийг нь интернэтээс урьдчилж харахаа мартав аа.
- Өнөөгийн валютын ханшийг сайн мэдэх хэрэгтэй. Тухайн улс руу аялахаас өмнө валютын ханш, солилцооны талаар сайн судлаарай. Мэдээлэлгүй хүн хэрхэн яаж худалдаа хийх билээ?
- Цагийн бүс солигдохоос сэргийл. Цагийн бүс солигдохоос сэргийлэх хоёр арга бий. Нэгдүгээрт, нислэгийн үеэр аль болох сайн унтаж амрах ёстой бөгөөд огт кофе ууж болохгүй. Хоёрдугаарт, нислэгийн дараа өөр улсад ирээд харанхуй болох хүртэл унтахгүйг хичээ. Ингэсэн тохиолдолд бие махбод хэвийн байдалдаа орно.
- Аяллын үеэр бэлэн мөнгө авч яв, гэхдээ өөр өөр газартаа хадгалаарай. Аяллын үеэр заримдаа хулгай, дээрэмд өртөж болзошгүй. Тиймээс бэлэн мөнгөө энд тэндээ тараан байршуулах нь ашигтай. Бэлэн мөнгөнийхөө ихэнх хэсгийг дотор халаасандаа хадгал. Харин задгай мөнгөө дуртай газраа хийгээрэй. Бас олон нийтийн газар их хэмжээний мөнгөө хэзээ ч битгий харуул.
- Аяллын бичиг баримтаа хувилж хадгал. Шаардлагатай баримтуудаа хувилж нөөцөнд хадгалах хэрэгтэй. Ингэхдээ Google Docs, эсвэл Drop Box зэргийг ашиглаж болно. Энэ нь таны болон аяллын баримтны аюулгүй байдалд нэн тустай.
- Очих ёсгүй газрыг мэдэхийн тулд хөтөч ашигла. Хөтөч нь жуулчдад ижил төрлийн дурсгалт газруудыг ижил түвшинд харуулахыг зорьдог. Үүнээс болж аялал өндөр өртөгтэй, тааруу болох нь бий. Үүн дээр нэмэгдээд та өөр жуулчдаар хүрээлүүлнэ гэсэн үг. Хэрвээ энэ нь танд таалагдаж байвал чиглэлдээ хөтөч ашиглаж болно. Харин таалагдахгүй бол тэднээс хаашаа явж болохгүйг судлаад авч болно.
- Аяллын үеэр төлөвлөгдөөгүй зүйл гарахыг хүлээн зөвшөөр. Хамгийн гайхалтай, өвөрмөц зүйл бол Та хэзээ ч юмыг урьдчилан харж чадахгүй явдал. Төлөвлөсөн бүхэн аяллын үеэр таны хамгийн гайхалтай үеийг үгүй хийж мэдэх тул гэнэтийн, төлөвлөгөөнд ороогүй адал явдал үүсэхийг хүлээн зөвшөөр. Тиймээс хяналтаа сулруулж, таны өмнө нээгдэж буй гайхалтай боломжуудыг хүлээн авах хэрэгтэй.
- Нутгийн хоол унднаас амс. Үндэсний хоол бол тухайн улсын соёл, уламжлалыг ойлгох хамгийн шилдэг аргуудын нэг юм. Ямар нэгэн шинэлэг зүйл амсаж үзэхээс бүү ай. Өт ч амттай байж мэднэ шүү дээ. Тэгээд ч гэртээ хариад найз нөхдөдөө гайхуулах зүйлтэй болно гэсэн үг.
- Том тээшгүйгээр аялалд гарахыг хичээ. Авч яваа ихэнх зүйл тань хэрэг болохгүй. Үүнээс гадна бага тээштэй байх нь нислэгийн үеэр цагийг тань хэмнэнэ.
- Амралтын өдрүүдээр аял. Ажлын жилд 52 уикенд буюу хагас, бүтэн сайн таардаг. Энэ нь амралт авахгүйгээр өөр орон руу хоёр өдрийн турш аялах гайхалтай боломж юм. Хоёр хоногт яарч сандарсан ч гэсэн өөр улсын соёлтой хангалттай танилцаж амждаг юм шүү.
- Айсан, төөрсөн царай огт гаргаж болохгүй, энэ нь хэрэггүй хүмүүсийн анхаарлыг татна. Танихгүй газар замаа алдаж, төөрөх нь хэвийн үзэгдэл. Хэрвээ та төөрсөн бол айж мэгдэлгүйгээр ойролцоох гудамжны дэлгүүрээр орох юм уу, такси дуудаж болно. Төөрсөн мэт царай гаргасан хүмүүс хулгай, луйварчдын олз болохдоо амархан.
- Үнэгүй хоноглох газарт үдэл. Couch Surfing зэрэг интернэт сүлжээний ачаар үнэ төлбөргүй газарт хоноглох, бүр хэд хонох ч боломж бий. Ингэхийн тулд та сайтад анкет бөглөөд, сонирхож буй чиглэлээ сонгоход л хангалттай.
- Жуулчдад өгөх хамгийн сайн зөвлөгөө бол нутгийн иргэдээс асуухаас битгий ич. Үнэндээ аялал зугаалгын хамгийн шилдэг хөтөч, зөвлөгч бол тухайн нутагт аж төрдөг хүмүүс юм. Мэдээж тэд аялал жуулчлалын хөтөч ном уншаагүй. Гэхдээ тэд танд хамгийн аятайхан ресторан, кафег хэлж өгч чадна шүү.
- Наймаалцахаас битгий ай. Олон оронд, ялангуяа Ази, Ойрхи Дорнодод зах дээрх бараанд тогтсон үнэ ханш гэж байдаггүй. Бараа бүтээгдэхүүний үнэ таны худалдаачинтай хэр сайн ярилцаж чадсанаас шалтгаална. Тиймээс таалагдсан зүйлээ хямдралтай үнээр худалдан авахын тулд ярилцаад үзээрэй. Гэхдээ энэ дүрэм зөвхөн гудамжны зах дээр, яармаг, хямдралын бараанд хамаарна уу гэхээс дэлгүүрийн худалдаанд хамаагүй шүү.
- Аяллын үеэр инээмсэглэхээ битгий мартаарай. Инээмсэглэл бол хэлийг нь ойлгохгүй байсан ч нутгийн иргэдтэй ойлголцох, хэл амаа ололцох хамгийн шилдэг арга юм.
Б.ЦЭЛМЭГ
1 comment
saihan medellel bna 😀