Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зохицуулалтыг тусгасан уг хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг УИХ 2017 оны хоёрдугаар сард шинэчлэн баталжээ.
Хуулийг анх батлахад 2018 онд 13500 орчим малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэсэн тооцооллийг хийсэн ч ердөө 5500 иргэн тэтгэвэрт гарчээ. Учир нь малчин иргэдийн ердөө 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна. Бусад малчид шимтгэл төлөхгүй байгаа тул улсаас малчнаар ажилласан жилийг нь тодорхойлох боломжгүй болоод байгааг ХНХ-ийн сайд С.Чинзориг онцолжээ.
Тиймээс Засгийн газраас энэ оны зургадугаар сард өргөн барьсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд малчнаар ажилласан жилийг тогтоох, бүртгэл, лавлагаа олгохтой холбоотой 25 заалтыг нэмж тусгасан байна.